ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТОГТМОЛ АЖИЛЛАХ “НОМЫН САН” НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

0
1065

Зуны эхэн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр НОМЫН БУЯНГ дэлгэрүүлж, олон нийтэд ямагт нээлттэй үйлчилгээг хүргэхээр Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дэргэдэх НОМЫН САН албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

Хэдийгээр төвийн дэргэдэх номын сан нь өнөөдрийг хүртлэх хугацаанд байсанч үйл ажиллагаа, үйлчилгээг дүүргийн иргэдэд хүртээмжтэй хүргэхэд учир дутагдалтай байжээ. Иймд ХЭРЭГТЭЙ ХҮНД ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛИЙГ тоосонд дарагдан хадгалагдаж байгаа номоор дамжуулан хүргэх ажлыг Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт эхлүүлж байна. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн төр захиргааны байгууллага, алба хэлтсүүдийн удирдлага, төлөөллүүд, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн төлөөллүүд урилгаар оролцож НОМЫН САНГИЙН ФОНДЫГ ИЛҮҮ ӨРГӨЖҮҮЛЭХИЙГ хүсээд чиглэл бүрийн номын дээжээс дурсгаж байлаа.

Энэ үер НОМЫН САНГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж болон иргэдэд номын сангийн үйл ажиллагаа, уншлагын танхим, номын төрөл чиглэлийг танилцуулсан. Төвийн дэргэдэх тус номын сангаар иргэд төдийгүй төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид үйлчлүүлэх боломжтой байх нь. “Номтой нөхөрлөгч хүн бүхний өмнө номын сангийн үүд хаалга хэзээд нээлттэй байх болно” гэдгийг Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам хэлсэн үгэндээ онцлон дурьдсан юм.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дэргэдэх НОМЫН САН-гийн номын фонд нь :

– Ерөнхий ба салбар шинжлэх ухааны мэдлэг

– Байгаль

– Техник

– Эдийн засаг

– Хөдөө аж ахуй, ойн аж ахуй

– Анагаах

– Нийгэм, түүхийн шинжлэх ухаан

– Төсөл хөтөлбөр бичих аргачлал

– Бизнес эрхлэгчдэд зориулсан ерөнхий агуулга бүхий гарын авлага, лавлагаа зэрэг салбар салбарын мэдээ мэдээллийг агуулсан ном товхимолыг багтаахаас гадна гадаад болон дотоодын алдартай зохиолчдын шилдэг бүтээлүүдийг багтаасан байна.

Ялангуяа өөрийн бизнесийн гараагаа зөв эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүст зориулан эдийн засаг, бизнесийн анхан шатны мэдлэг олгох гарын авлага, ном товхимол бий гэдгийг онцлох нь зүйтэй. Одоогийн байдлаар номын санд 500 гаруй ном товхимол байгаа бөгөөд төвийн хамт олны зүгээс фондны хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлж байсан юм.

Ийнхүү Хан-Уул дүүрэгт ТОГТМОЛ АЖИЛЛАХ “НОМЫН САН” нэгээр нэмэгдлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай …