“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ – 2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭЭЛЖИТ ЖИЛДЭЭ

0
293

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг.

Уламжлал ёсоор 2017 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2017” үзэсгэлэн худалдаа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү үзэсгэлэн худалдаа нь түрээсийн төлбөргүй зохион байгуулагддаг. Иймд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах, таниулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд тус арга хэмжээ нь томоохон боломжыг нээж өгдөг давуу талтай.

Манай Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулах ажлыг хийснээр дүүргийн 7 аж ахуйн нэгж, иргэн “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2017” үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой боллоо. Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийн тухайд эрүүл мэндийн олон төрлийн шүүс, талх нарийн боов, ноолууран хувцас, арьсан эдлэл, хэрэглэл, эмчилгээний зориулалттай ванни бөмбөлөг, уруулын тос болон гэр ахуй, гал тогооны жижиг хэрэглэл, сав суулга гэх мэт олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэд та бүхэн үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломжтой юм.

Иймд та бүхнийг Монгол хүний Монгол арга ухаанаар хийж бүтээсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь худалдан авч жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихийг урьж байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв – 2017” үзэсгэлэн худалдаа 2017.09.09-нөөс 10-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны үзэсгэлэнгийн танхимд болно.

Холбоо барих утас : 11-318547, 99471959, 88464746