“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ – 2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

0
574

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр НИТХ-аас баталсан билээ.  Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Нийслэлээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих,  борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилготой тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн худалдаа нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байгаа юм. Үзэсгэлэн худалдаа 99 павьлонд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүйгээр байршуулан, иргэддээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байна. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна тухайн бүтээгдэхүүний танилцуулга, реклам, шторкыг зар сурталчилгааны дэлгэц ашиглан үнэ төлбөргүйгээр танилцуулах боломжийг ч зохион байгуулагчид олгожээ.

Манай дүүргээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 7 аж ахуйн нэгж, иргэд “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилж байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанаас иргэд цагаан идээ, жимсний чанамал, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр авах боломжтой юм.