ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ НАР ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

0
2921

Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан чухал мэдээллийг багтаасан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ” сэдэвт энэхүү өдөрлөгт Хан-Уул дүүргийн 16 хорооны 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өргөнөөр оролцлоо.

Өдөрлөгийг ХУД-ийн ЖДҮДТөв, Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд “Хан-Уул Бизнес Төв”-өөс “Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан”-гаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан олгодог хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийсэн. Ингэснээр гарааны бизнес эхлүүлж байгаа, эрхэлж буй үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нөхцөлийн тухай илүү бодит мэдээлэлтэй болж бизнесээ өргөжүүлэх дараагийн алхамыг хийхэд нэг шат ахиж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Голомт банкнаас олгогдох энэхүү зээл нь :

  • 22 сар хүртэл хугацаатай
  • Сарын 0.7%-ийн хүүтэй
  • ААН – 20.0 сая ₮, Иргэн – 10.0 сая ₮ хүртэл зээл авах боломжтой бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг өргөнөөр хамруулахын тулд банкны өндөр шалгуурыг халж уян хатан бодлого барих болно гэдгийг Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-ийн захирал болон мэргэжилтнүүдийн зүгээс онцолсон.

Зээлийн танилцуулга үйл ажиллагааны дараа Жижиг Дунд Үйлдвэрлэл Эрхлэгчдийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан үнэ төлбөргүй явуулдаг “Төсөл бичих арга зүй” сэдэвт сургалтыг мэргэжлийн багшийн удирдлага дор зохион байгууллаа. Сургалтанд манай төвд бүртгэлтэй биенэсийн гараагаа эхлүүлж байгаа 30 гаруй иргэд хамрагдаж сургалтын батламжаа гардан авсан юм.

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, таниулах, тэднийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор эрхлэн гаргадаг “Хан-Уулд үйлдвэрлэв” цуврал сэтгүүлийн 2017 оны шинэ дугаар, “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төсөл бичих заавар, гарын авлага”-уудыг өдөрлөгийн үеэр сурталчилан танилцуулж, хамтран ажилласан үйлдвэр эрхлэгч нарт сэтгүүлийн шинэ дугаар, гарын авлагыг тараасан юм.

Төр болон иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад тал бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Иймд өнөөдрийн өдөрлөг болон сургалтын үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг давхар зохион байгуулж, төвийн дарга болон үйлдвэрлэл эрхлэгч нар мэдээлэл ярилцлага өгч ажиллаа.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэ чиглэлийн нэгдсэн мэдээлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг хэрэгцээт газар нь хүргэж, зохион байгуулж байхыг өнөөдрийн өдөрлөгт оролцсон үйлдвэр эрхлэгчдийн зүгээс чухалчлан хүсч байсан. Иймд  цаашид энэхүү өдөрлөгийг хороодод зохион байгуулах тухай зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор ярисан юм.