ХӨДӨЛМӨР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

0
978

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсээс бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан “Хөдөлмөр-Амьдралын баталгаа” сэдэвт өдөрлөгийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь төр болон иргэдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд холбогдох нэгжүүд нэгдсэн мэдээллийг олгоход чиглэлээ.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам өдөрлөгт албан ёсоор уригдан оролцож төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, үйлдвэр эрхлэгч нартай хэрхэн хамтран ажилладаг тухай танилцууллаа. Мөн энэ үеэр “Хан-уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаарыг зочид болон үйлдвэр эрхлэгч нарт гардуулсан юм.

Бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах тухайд манай төвөөс иргэдтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг.

Иймд өнөөдрийн өдөрлөгт манай төвтэй хамтран ажилладаг үйлдвэр эрхлэгч нар өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчласан бөгөөд тэдгээрээс идэвх зүтгэлтэй байдаг үйлдвэр эрхлэгч Монгол гоёлын Б.Одончимэгийг төвийн даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн хороодын засаг дарга нар, дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бойжуулагч төвүүд оролцож хамтдаа хөгжих гарц, боломжын тухай онцлон ярилцсан юм.