БУСДЫН ЖИШИГ БА БИДНИЙ БОЛОМЖ КЛАСТЕР

0
3092

“Хоосон талд ганц өндөр мод ургадаггүй. Харин цастай уулын ард ургасан олон мод бусдаасаа түрүүлж нар үзэх гэж өрсөлдсөний үр дүнд аль нэг нь өндөр болдог” гэсэн мэргэн үг бий. Энэ бол өрсөлдөөний шинж чанарыг илэрхийлж буй бай­галийн шалгаралтай холбоотой үйл явц. Өөрөөр хэл­бэл, зах зээлийн өр­сөлдөөн нь эдийн засгийн онол бус, байгалийн хуулиар зохицуулагддаг гэсэн үг. Товчхондоо өрсөлдөөнгүй зах зээл хэзээ ч хөгждөггүй нь жам ёсны үзэгдэл билээ.

Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Чөлөөт өрсөлдөөн бүхий эдийн засгийн олон талт оновчтой бүтцийг бий болгоно…” гэж тусгасан ч өнөөдөр бодит байдал дээр эрс өөр өнгө аяс илэрхийлэх болсон. Үндсэндээ уул уурхай руу л уулга алдан хошуурч, зөвхөн энэ салбарыг эдийн засгийн хөгжлийн гарц хэмээн хэлбийж байна. Хөдөө аж ахуй бо­лон мал аж ахуйд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх талаар мэр сэр ярьж байгаа ч яг барьж аваад зо­ригтой хийж байгаа дорвитой ажил бас л алга. Харин сүүлийн үед эдийн засгийг төрөлжүүлж, төвлөрүүлж хөг­жүүлэх буюу кластер бий болгох тал дээр залуу эрдэмтэд нэлээд ан­хаарах болсон нь нэн таатай мэ­дээ. Тодруулбал, өнгөрсөн онд бай­гуулагдсан Монголын үндэсний зөв­лөхүүдийн холбоо /МҮЗХ/ төрийн бус байгууллагаас Кластерийн хөгж­лийн санаачилга гаргаж үндэсний хэм­жээний сүлжээ байгуулахаар ажил­лаж эхэлжээ. Кластерийн хөг­жилд судалгаа шинжилгээний болон зөвлөх байгууллагуудын үүрэг өн­дөр байдаг. Тийм ч учраас МҮЗХ-ныхон олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий кластеруудийг дэмжих үндэсний зөвлөхийн хүчирхэг баг бий болгохыг гол зорилгоо болгожээ. Үнэхээр ч манай улс том, жижиг гэлтгүй бүхий л төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны зөвлөхүүдийг урьж ажиллуулах нь түгээмэл болсон. Ер нь аливаа төсөл хөтөлбөрийн нийт зардлын 15-16 хувь нь зөвлөх үйлчилгээнд зарцуулагддаг гэдэг. Тэгэхээр бид хэдий чинээ гадны зөвлөх ажиллуулна, төдий чи­нээ зардал гадагшаа урсч байна гэ­сэн үг. Уг нь манай үндэсний зөв­лөхүүдийн чадвар туршлага хаана ч гологдохгүй. Дэлхийн хэм­жээний боловсрол эзэмшсэн хүн олон байдгийг бид мэднэ. Гагцхүү гадныхан гэхээр бусдаас илүү гэж хардаг хуучинсаг сэтгэлгээ л үүнд нөлөөлдөг нь гарцаагүй. Энэ бүхэн кластерт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор болсоор байгаа юм. Хэдийгээр кластерийн тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийн түв­шинд нэн шинэ зүйл хэдий ч хэрэгжүүлэх механизм, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж чад­сан улс орнууд богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байна.

Кластерт тулгуурласан өрсөлдөх чадварын микро эдийн засгийн үзэл санаа 1990-ээд оноос дэлгэрч, 2000 оноос эхлэн эдийн засаг, хамтын ажиллагааны олон улсын болон бүс нутгийн томоохон байгууллагууд энэ чиглэлд гол бодлогоо төвлөрүүлж, хөрөнгө мөнгө ч их зарцуулжээ. Тухайлбал, Европын комисс, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага зэргээс дээрх чиглэлээр 250 орчим санаачилга гаргаж, өргөн хүрээтэй судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.

Кластерийг хөгжүүлэхэд төрийн шууд ба шууд бус оролцоо ихээхэн нөлөөтэй ч “байршил”, “дэмжлэг” гэсэн хоёр хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг ажээ. Харилцан хамааралтай эдийн засгийн бүтцүүд нэг дор байх тусмаа зардал хэмнэдэг учраас байр­шил нэн чухал. Харин дэмжлэг гэ­дэг нь мөнгө өг гэсэн үг биш. Хята­дын аль ч хотод Haier, Lenovo брэндийн комьпютер түгээмэл ашиг­ладаг нь үндэсний үйлдвэрлэлээ худал­дан авалтаар дэмжиж буйн тод жишээ. Төр нь мөнгө өгөх бус, хэрэглэгч нь худалдаж авна гэдэг жинхэнэ хөрөнгө оруулалт болдог. Манайд бол эсрэгээрээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр жил бүр хэдэн арван тэрбум төгрөг салхинд хийсгэдэг. Худалдан авах чадвар муутай дотоодын хэрэглэгчид үндэсний үйлдвэрээ дэмжиж байна гээд өндөр үнэтэй Монгол оймс тэр бүр аваад байж чадахгүй. Хэрэглэгч нь чадвартай байлаа ч үйлдвэрийнх нь цар хүрээ жижиг. Гадны хэрэглэгчид эсгий оймсыг өмсөх гэж бус, сувеннер маягаар л худалдаж авдаг нь гашуун үнэн. Ийм байдалтай жижиг, дунд үйлдвэрүүд хол явахгүй нь тодорхой. Хатуухан хэлэхэд энэ бол Засгийн газарт кластерийн тухай анхан шатны ч ойлголт байхгүйн илрэл юм.

Өрсөлдөх чадварын хөгжлийн үе шатыг нөөцөд тулгуурласан, бү­тээмжид тулгуурласан, мэдлэгт тул­­гуурла­сан гэсэн гурван загварт ху­ваан авч үздэг. Үүнээс хамгийн ирээ­дүйгүй, болхи нь бидний замнаж буй нөөцөд тулгуурласан загвар. Ха­рин зарим улс орон бүтээмжид тул­гуурлахаас хүртэл татгалзаж, шууд мэдлэгт тулгуурласан өндөр тех­нологи руу орж байна. Инноваци руу явах тусам эдийн засгийн үр өгөөж өсдөг. Жишээ нь, гуравхан мянган хүн компьютерийн үйлдлийн системийг үйлдвэрлээд дэлхий ний­тээрээ хэрэглэж байна. Тэднээс илүү зардал огт гарахгүй. Энэ бол мэдлэгийн хүч юм. Манай улсын хувьд бүтээмжид тулгуурласан загвар 60-аад оноос нэвтэрч аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдсан ч 90-ээд он гэхэд бүгд эргээд унасан. Харин өнөөдөр хүнд аж үйлдвэр бус, хөнгөн үйлдвэрлэлийг кластерийн зарчмаар хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө байна. Тухайлбал, аялал жуулчлал, мах, ноолуур, улаанбуудай, сүүн бүтээгдэхүүн, чацаргана, барил­гын чиглэлээр кластер бий болгоход хамгийн тохиромжтой гэж Кластерийн хөгжлийн санаачилгынхан үзэж байгаа юм билээ. Тэд эхний ээлжинд дээрх салбарын мэргэжлийн холбоод болон аж ахуй эрхлэгчидтэй холбоо тогтоож кластер хөгжүүлэх суурь судалгааны ажлуудыг хийж эхэлсэн аж. Чили улс яг манайх шиг уул уурхайн орлогоос эдийн засаг нь хамаардаг байсан цаг саяхан. Харин вино болон бусад төрлийн кластерийг богино хугацаанд амжилттай хэ­рэгжүүлж, гадны зах зээл рүү хүч түрэн орсон байдаг. Өдгөө Чилийн уул уурхайн орлого асар их хэмжээтэй ч дотоодын нийт эдийн засгийнх нь ердөө 20-хон хувийг л эзэлж байна. Монголчууд бидэнд ч энэ жишгээр явах бүрэн боломж бий. Харин тэр боломжийг бодит байдал болгохын тулд дээр дурьдсан кластеруудийг хөгжүүлэх төрийн оновчтой бодлого, дэмжлэг нэн шаардлагатай байна.