2018.07.06 “ӨГӨӨМӨР ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

0
74

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” уриатай “ӨГӨӨМӨР ӨДӨР” арга хэмжээг Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр алслагдсан хороодын дунд 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 14 дүгээр хорооны 59 дүгээр сургуулийн хичээлийн 1-р байрны урд байрлах “Сагсан бөмбөг”-ийн талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, 14-р хорооны ИНХ-н Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 12-р хорооны Засаг дарга Д.Долгор, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид, Хан-Уул дүүргийн Өлзийт асар төрийн бус байгууллага, хороодын иргэд идэвхтэй оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон 12-р хорооны Засаг дарга Д.Долгор нар үг хэлэн, өөрт хэрэггүй зүйлээ хэрэгцээтэй нэгэндээ өгөх энэ арга хэмжээний ач холбогдлыг танилцуулж, өргөн олныг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу Өлзийт асар төрийн бус байгууллагад иргэд, аж ахуй нэгжээс цугларсан хувцасыг хүлжээлгэн өгч, 12, 13, 14-р хороодоос үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд идэвхитэй оролцож, бяцхан үрсийн дунд хөгжөөнт тоглоом наадгай, урлагийн тоглолт зохион байгуулж, нэг өдрийн арга хэмжээг дуу хуур, баяр баясал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.


“Өгөөмөр өдөр” арга хэмжээний хүрээнд хуучин хувцас, гутал, электрон бараа, ном сэтгүүл, бичиг хэрэг, цүнх, гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэргийг солилцох, худалдах, үнэгүй өгөх гэсэн 3 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж иргэд, олон нийтийн зүгээс дээрх үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагийн хамт, цаашид энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналыг Н.Дорждулам даргад гаргасан.