“Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрх олголоо

0
828

МҮХАҮТ-аас ногоон эдийн засаг,
ногоон бизнесийг дэмжих ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн байгальд ээлтэй
бүтээгдэхүүн, үйлчилгээнд Органик бүтээгдэхүүн, Ногоон буудал шошгыг олгодог
билээ. Дээрх шошгууд нь уг бүтээгдэхүүн, үйлчилгээг цэвэр байгалийн гаралтай
органик бүтээгдэхүүн болохыг батламжлах бөгөөд тухайн ААН-үүд бүтээгдэхүүнээ дотоод,
гадаадын зах зээлд сурталчлан таниулах, бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг өсгөх
зэрэг давуу талтай. Тэгвэл дөрөвдүгээр сарын 20-нд МҮХАҮТ-аас “Эрдэнэ-Сэлэнгэ”
ХХК-ийн “Хуш модны самар” цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн “Органик
бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрх олголоо.

Уг шошгын
гэрчилгээг авсан “Эрдэнэ-Сэлэнгэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргалаас
зарим зүйлийг тодрууллаа.

– Манай компани 2005 оноос
хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуш модны самар болон хүнсний ногоо
даршилгааны үйлдвэрлэл эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн брэнд
бүтээгдэхүүн болох хуш модны самрыг экспортлох, мөн эх орондоо цэвэр органик
болгож боловсруулан гаргахаар зорьж байна.

Энэ хүрээнд энэ жил “Food
exhibition-2015” үзэсгэлэнд энэхүү хуш модны самар, чацарганы тос, дарс,
оргилуун дарстай оролцсон. Дэлхий даяар органик бүтээгдэхүүнийг сонирхдог
болсон байна. Тиймээс бид ч хүний биед ач тустай, цэвэр байгалийн гаралтай,
ямар ч химийн орцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Энэ ч утгаараа манай
компани өөрийн бүтээгдэхүүнүүдээ эх орныхоо хэрэглэгчиддээ хүргэхээс гадна
Япон, Тайланд зэрэг гадны орнууд руу экспортлох гэрээ хийгээд байна. Гадны
улсууд биднээс органик бүтээгдэхүүн гэж гэрчилэх гэрчилгээ асуудаг юм билээ.
Гэтэл манайд тийм төрлийн албан ёсны, олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээ
байдаггүй. Тиймээс бид энэ бүтээгдэхүүнээ гадагш гаргахад аюулгүй, баталгаатай
гэж гэрчлэх үүднээс Танхимаас энэхүү гэрчилгээг өгдөгт олзуурхаж үүнд бүртгүүлж
авлаа. Нэмж хэлэхэд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс анх удаа манай хуш
модны самар “Органик бүтээгдэхүүн” шошго авч буй анхны компани болж байгаа юм
байна.

 

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/index.php/home-page/home/2012-08-27-08-29-56/3666-2015-04-21-152724