“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” батлагдлаа

0
291

Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зорилго бүхий “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.06.06/ батлагдлаа.

 Хууль батлагдсанаар :

 Бичил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгон, уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болно;

– Жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр зохицуулсан;

Уг хуулиар зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч  аж ахуйн нэгжийн асуудлыг зохицуулсан

Борлуулалтын орлогын хэмжээг 2,5 тэрбум хүртэл нэмэгдүүлсэн.

ЖДҮ эрхлэгчийг дэмжих дэмжлэгийн хэлбэрийг нэмэгдүүлсэн. /хөнгөлөлттэй зээл, батлан даалт, хүүгийн хөнгөлөлт, зээлийн хүүгийн татаас, лизинг, татварын хөнгөлөлт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, экспорт…/

Бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид 300 хүртэл сая, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 1,0 тэрбум хүртэл төгрөгийн зээлийн ЖДҮХСангаас шууд, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид 1,0-2,5 тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгохоор зохицуулсан.

-Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудал зохистой төвшинд хүрч, чиг үүргээ хараат бус байдлаар бие даан хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр хуулийн хэрэгжилт сайжирна. /Агентлаг/

Бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ойлголтыг тодорхой болгосноор төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэж, улмаар бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломж бүрдэнэ.

Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэхээс гадна үйл ажиллагаагаа хорших, өргөтгөх идэвх санаачилга бий болно.

Татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэмжээ нэмэгдэнэ.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих байгууллагыг байгуулснаар төсөвт бага хэмжээний нэмэлт ачаалал ирэх боловч бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагааг бие дааж явуулах нөхцөл нь бүрдэх, удирдлагын болон боловсон хүчний мэргэшсэн тогтвортой байдал хангагдах давуу талтай юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам