0
181

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт салбарын уулзалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Арга хэмжээний зорилго нь Үйлдвэр эрхлэгчид харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээ, мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.

“Үйлдвэрлэгч танд…” сэдэвт салбарын уулзалт 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болж, дүүргийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, сүүний чиглэлээр мал аж ахуй эрхэлдэг 17 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.

Үйл ажиллагааг нээн ХУД-ийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам үг хэлж, бусад салбар, чиглэлээр уулзалт зөвлөгөөнийг хуваарийн дагуу цувралаар хийх болно гэдгийг онцолсон юм. 

Өнөөдрийн арга хэмжээнд төрийн байгууллагыг төлөөлж Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхтуяа, мал үржлийн албаны мэргэжилтэн Х.Сүхбаатар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Т.Мөнх-Эрдэнэ нар оролцож, салбарын бодлого чиглэл, цаашдын үйл ажиллагааг үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулав.

Үйлдвэрлэл эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудаас асууж тодруулах зүйлээ тухай бүрт нь асууж харилцан ярилцаж, санал бодлоо солилцон үр дүнтэй уулзалт болсон юм.

Мөн туршлагатай үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж МАСU буюу Монголын Бяслаг урлаачдын холбоо болон “Мон таримал” ХХК-ны удирдлагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрийн түүхэн замнал, ажлын туршлагын талаар танилцуулж, бүтээгдэхүүний амталгаа хийсэн. Дараагийн салбарын уулзалтыг 7 сард “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” иргэд, аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.