Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл байгуулагджээ

0
796

Нийслэлийн
Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн
ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” захирамж
гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион
байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг
хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд
шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал,
зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн зохицуулах орон тооны бус зөвлөлийг
байгуулан зөвлөлийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг тус тус
баталжээ.

Нийслэлийн
ачаа тээврийн зохицуулах зөвлөлийг үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж,
хэрэгжилтийг хангуулан улирал тутам тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын
Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасан
байна.