МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

0
560

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг
гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бизнесийн хүрээнийхнийг холбож
өгөх зорилгоор МҮХАҮТ, Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес
эрхлэгчдийн уулзалт энэ сарын 21-нд зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Монгол, Чехийн Засгийн газар хоорондын
хамтарсан комиссын ээлжит зургадугаар хуралдааны үеэр зохион байгуулагдсан
бөгөөд Чехийн талаас Хөдөө аж ахуй, Тээвэр, Эрчим хүч, Экологи-Геологи,
Цэвэршүүлэх технологи, Худалдаа, Банк санхүүгийн чиглэлийн 20 гаруй компанийн
80 гаруй бизнес төлөөлөгч, Монголын талаас 60 гаруй бизнесийн төлөөлөгч
хүрэлцэн ирж оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Бизнес форумыг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд
З.Баянсэлэнгэ, Чехийн талаас БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны дэд сайд В.Баартл нар
нээж, мэндчилгээ дэвшүүлэн эхлүүлэв.

“Монголын бизнесийн орчин”, “Халх гол дахь чөлөөт бүс” болон
холбогдох албаны төлөөлөгчид тус тус илтгэл, мэдээлэл хийлээ. Харин Чехийн
талаас дээрх салбарын компаниудын танилцуулга хийгдэж, ганцаарчилсан уулзалт
болов. Тус ганцаарчилсан уулзалтаар талууд хамтарч ажиллах боломжуудыг ярилцаж,
танилцуулсан үр дүнтэй болов.
 
Мөн дээрх комиссын хуралдаанаар хоёр улсын банк хоорондын хамтын ажиллагааг
эрчимжүүлж, банкууд хоорондоо шууд харилцдаг болсноор бизнесийн төсөл, зээлийн
даатгалаа уян хатан байдлаар санхүүжүүлэх боломжтой боллоо.

Өөрөөр хэлбэл Монгол-Чехийн банкууд, аж ахуйн нэгжүүд гэрээнд
гарын үсэг зурах ёслолын ажиллагаа буюу хамтран ажиллах санамж бичиг үзэглэв.
Тухайлбал, Голомтт банк Czech Export банктай, Хаан банк Ceskoslovenska obchodni
Банктай, Худалдаа Хөгжлийн банк Korporatni a institucionalni bankovnictvi
Банктай тус тус санамж бичиг байгуулсан юм.

Одоогоор Монгол улс, Чехийн талтай хамтран эрчим хүч, усны аж
ахуй, мах болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах, монгол малын удмын санг
бэхжүүлэх, хотын гэрэлтүүлгийн гэрлийг хамтран үйлдвэрлэх, хог хаягдлыг ялгах
гэх мэт олон төслийг хэрэгжүүлж байгаа гэж БНЧУ-ын ЭСЯ-наас мэдээллээ. Мөн
бусад салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар өргөн
хүрээтэй хэлэлцээ өрнүүлэв. Өмнө Монгол, Чех байгаль орчин хамгаалах чиглэлд ус
цэвэршүүлэх, хог хаягдлыг булах тал дээр хамтарч ажиллаж байж, мөн Чехийн
Стандарт Хэмжилзүйн агентлагынхан ирсэн байв. Тэд Монголын Стандарт Хэмжилзүйн
газартай тав дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа аж.

Тус форум нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны
төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм бөгөөд энэхүү
зургадугаар хуралдаан хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц
үзүүлэх юм.