Монголд тос, тосолгооны материал үйлдвэрлэнэ

0
521

Аж үйлдвэрийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Б.Анандбазар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  тэргүүн дэд захирал Б.Ариунболд, “Багануур” ХХК-ийн захирал М.Отгонбаяр зэрэг ашигт малтмалын салбарын  “гол тоглогчид” багтжээ.  

Тэдний Герман хүртэл тээсэн тус тусын зорилго ч биеллээ. Тухайлбал, гурван жилийн дараа Монгол Улс анх удаа автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болсон байх гэрээг “Сод Монгол” групп айлчлалын үеэр байгуулсан юм.

Жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ бэлэн болсон. Ирэх долдугаар сараас үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байх юм.

Энэхүү төслийг Германы “EDL AnlagenbauGesellschaftmbH” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 42 сая ам.доллар. Санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл  хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэг их том биш ч Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай. Монгол Улсын хувьд моторын тос гаднаас бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчрахгүй тул Засгийн газар анхаарч байна” хэмээсэн юм.

Аж үйлдвэрийн сайдын Европ дахь дараагийн маршрут Франц, Итали, Чех зэрэг орнууд байх юм.

Эх сурвалж:gogo.mn