Made in Mongolia

0
493

“Монголын эдийн засгийн форум”-аас гарсан санаа, шийдвэр бодит
хөрсөнд хэрхэн буусныг уншигч танаа сануулахыг зорьсон билээ. Бид цувралаас
хэд, хэдэн сэдвийн хүрээнд нийтлэл бичсэн. Тухайлбал, 2010 онд “Бид хамтдаа
чадна” уриатайгаар зохион байгуулсан форумаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
тухай анх хөндөж байв. Түүнээс хойш өнөөг хүртэл бүхий л салбарт өрсөлдөх
чадварын тухай ярих болсон.

Үүнтэй нэгэн адил үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн
засагт томоохон хөшүүрэг болно хэмээн тус форумаар ярьж байсан нь саяхан.
Тодруулбал, 2013 онд “Монгол брэнд”, 2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриан дор
чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Мэдээж эдийн засгийн форум дангаараа энэ
тухай хэлэлцэж байсан хэмээн туйлшрах гэсэнгүй. Бид хаа, хаанаа л эдийн засгийг
идэвхжүүлэхийн тулд дан ганц уул уурхайн салбараас хараат байх нь өрөөсгөл
хэмээх болсон.

ХӨШҮҮРЭГ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн талаарх асуудал нь аль ч улс орны
хувьд хөгжлийн ямар ч шатанд авч үзэх, шийдвэрлэх шаард­лагатай гол асуудлын
нэг байдаг. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөшүүргийг хэрэглэх болсон. Өөрөөр
хэлбэл, Засгийн газар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан
бөгөөд энэ хөтөлбөр 2014-2016 онд хэрэгжих учиртай.

Түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”, “Зээлийн батлан даалтын сан”,
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” болон арилжааны банкаар дамжуулан зээл
олгож эхэлсэн юм. Мөн бондын хөрөнгөөр 70 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан
олгосон бол жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөлд 48 тэрбум 969 сая 100
мянган төгрөгийг олгожээ. Түүнээс гадна өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-ны
байдлаар Хөгжлийн банкинд нийт 320.98 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 48
төслийн материал арилжааны банкуудаас ирүүлсэн байна.

Үндэсний үйлдвэрлэлийг
хөгжүүлэхийн тулд татварын бодлого болон хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй

Үүнээс Хөгжлийн банкны Зээлийн Хороогоор 47 төслийн зээлийн
асуудлыг хэлэлцэж, 198.3 тэрбум төгрөгийн 39 төслийн зээлийг арилжааны есөн
банкаар дамжуулан олгохыг дэмжжээ. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хүрээнд тэдэнд
зориулж 3-5 жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүү­тэй зээл олгосон байна.

ХӨНГӨЛӨЛТ

Ийнхүү үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортыг орлох экспортод гаргах
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьсон төсөл хөтөл­бөрүүд байгаа онож
буудсан нь үндэсний үйлдвэрлэгчдэд сайн зүйл болсон хэрэг. Нэг үеэ бодвол хүн
бүр үйлдвэрлэл эрхэлж болох ч чухам ямар салбарт, юуг хэрхэн хийх түүнийгээ
дэлхийн стандартад нийцүүлэн экспортод гаргахын тулд яаж ажиллах вэ гэдэгт
түлхүү анхаарч байгаа нь бизнесийнхнээс анзаарагдана. Тэд зөвхөн тулга тойрч
эргэлдэхээс илүүтэй савнаасаа хальж урсахыг зорьдог болжээ.

Тиймээс хөнгөлөлттэй зээл, төрийн зөв бод­лого хэрэгтэй байна
хэмээн ярьсаар байгаа юм. Одоогоор зээлд хамрагдсан аж ахуйн нэгжийг эхний жилд
үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөг­дөж хоёр дахь жилээс үндсэн зээлээ
төлж эхлэх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан
олгосон тухай мэдээлэл Хөгжлийн банкны цахим хуудаст бий. Мөн санхүүгийн түрээс
буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглах боломжийг олгосон
байна. Ингэснээр олон аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд сайн дэмжлэг болж чадсан
аж.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр нэг талдаа дэмжиж, нөгөө
талдаа хатуурхдаг бичигдээгүй хууль бизнесийнхэнд үйлчилж байгааг ч мөн хэлж
байсан. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, тат­варын бодлогоор боомилж
байгаа нь харамсалтай. Тиймээс үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд
татварын бодлого болон хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн бизнесийнхэн
хэлдэг.

ТООН
ТОЙМ

Дэлхийн олон оронд кластерын хөгжлийг өрсөлдөх чадварыг
дээшлүүлэх, улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг
хурдасгах гол арга хэрэгсэл гэж үздэг. Монгол Улсад кластерыг хөгжүүлэх нь олон
тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг эрчимжүүлэх,
өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж хэмээн салбарынхан хэлж байсан.

Засгийн газраас 1999, 2005 онд батлан хэрэгжүүлсэн Жижиг, дунд
үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай
хууль батлагдан эрх зүйн таатай орчин бүрдсэн аж. Мөн санхүүгийн дэмжлэгийн эх
үүсвэр нэмэгдэн өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчдийн дунд албан ёсны жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолыг идэвхжүүлсэн байна.

Ингээд 2013 оны эцэст бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж
ахуйн нэгжээс 54929 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс 81.7 хувь
буюу 44854 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байв. Тус
салбарт 766910 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээл дэх ажиллагсдын
69.6 хувийг эзэлж байв. Жижиг, дунд үйлдвэрийн менежер, ажилтнуудын ур чадвар,
чадамжийг хөгжүүлэх нь тухайн аж ахуйн нэгжийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай
байхад чухал нөлөө үзүүлдэг билээ.

Д.Оюунчимэг

 

Эх сурвалж:gogo.mn