Ажил хийдэггүй 5 хүн байхад 10 хүүхэд ажил хийж байна

0
642

Үеийн
нөхөд нь гадаа тоглож, сургуульд сурч байхад бяцхан жаал яндан цэвэрлэгч хийдэг
тухай зохиол уншиж байснаа бүүр түүрхэн санана. Хүү сургуульд сурахыг хүснэ,
найзуудтайгаа тоглохыг хүснэ. Гэвч амьдрал түүний хүслээр болохгүй. Мэдээж
хэрэг зохиол учраас хүү сургуульд орж, аз жаргалтайгаар төгсдөг.

Харин
амьдрал тийм биш. Заримдаа бас тийм байж болох. Охин одоо 11 настай. Түүний
хүсэлтийн дагуу нэрийг нь асууж, зургийг нь авч, яриаг нь бичсэнгүй. Гэхдээ
охин гэрээсээ ганцаараа ажил хийдэг, аав нь орхиод явсан, өдөр нь сургуульдаа
явж, орой нь бохь зардаг гэдгээ нуугаагүй юм.

Багшийнх
нь захиснаар онц сурвал боловсролтой болж, сайхан ажил хийж, санаа зовох
зүйлгүй амьдрах нь охины мөрөөдөл. “Орой очоод даалгавраа хийгээд унтана даа,
маргааш орой ч гэсэн бохио зарна” гэх түүний бяцхан зүрхэнд тарчигхан
амьдралаас хөндийрч, таатай сайхан амьдрах хүсэл багтаж ядна.Магадгүй охин
амьдралын хатууг багаасаа мэдэрч, сайн хүн болж, сайхан амьдрах нь тодорхой
гэдэгт итгэж байна. Гэвч охин ингэж явах ёсгүй. Үеийн нөхөдтэйгөө дээс, чиртаа
тоглож, гэрийнхээ даалгаврыг хийчхээд дулаан хөнжилдөө унтаж байх ёстой
цагаараа гадуур бохь зарж явна. Эхэнд дурдсан зохиол 19-р зууны үеийн Европын
орнуудын нийтлэг дүр төрхийг өгүүлсэн байсныг л мэдэж байна. Жишээ дурдвал
Швейцарт яг энэ үед “Яндан цэвэрлэгч” жаалууд ихээр байдаг байжээ.

Ээж
нь ганц бие, эсвэл ядуу тарчиг амьдралтай учраас бага насны хүүхдүүд хөдөлмөр
эрхэлж байв. Гэхдээ энэ явдал бүтэн хоёр зууны өмнөх амьдрал. Одоо XXI зуун.
Мэдээллийн технологийн хөгжил асар хурдацтай явагдаж буй шинэ зуун. Хүмүүс гар
утасны төлөө зүрх сэтгэлээ зориулдаг болсон цаг. Итгэхгүй бол дэлгүүрийн гадаа
хонон, өнжин дугаарлаж шинэхэн утсаа аваад баярладаг хүмүүсийн тухай мэдээ хаа
сайгүй бий.

Бид
ч мөн ялгаагүй. Гэтэл хоёр зууны өмнө байсан нийгмийн адгийн үзэгдэл манайд
байна. Азийн орнуудад угаасаа байдаг, капитализмын хөгжил энэ тэрээр, нийгмийн
нэг л хэлбэр гэж үзэж хэрхэвч болохгүй. Яагаад бид Азийн цор ганц хүүхдийн
хөдөлмөрийг халсан орон болж болохгүй гэж?

Монгол
улсад 2003 оны үндэсний судалгаагаар 5-14 насны 68,6 мянган хүүхэд идэвхтэй
хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож байжээ. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу 2007 онд
энэ тоо 71 мянгад хүрсэн аймшигтай судалгаа бий.

Хамгийн
харамсалтай нь энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж одоо 100 мянга гаруй болжээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр “Хүүхэд сурч
боловсрох эрхтэй. Үнэхээр шаардлагатай бол 14-өөс дээш насны хүүхэд хөдөлмөрийн
гэрээний дагуу, хөнгөн хөдөлмөр эрхэлж болно.

Гэтэл
ар гэрийн нөхцөл байдал тааруу учраас, гэр бүлээ тэжээх зорилгоор хүүхдүүд
хөдөлмөр эрхэлж байна. Зөвхөн ар гэрийн асуудлаар зогсохгүй хүүхэд хурдан
шаламгай байдаг, ажил олгогчид шаардлага тавьж мэддэггүй зэрэг нь том сул тал
болж байгаа юм” гэлээ.

Хөдөлмөр
эрхэлж буй эдгээр хүүхдийн 90 орчим хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүйгээр
тусладаг буюу дийлэнх нь малчны хүүхэд.

Харин
үлдсэн 10 гаруй хувь нь насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон хортой
нөхцөлд болон уртасгасан цагаар хөдөлмөр эрхэлдэг аж. Энэ нь ойролцоогоор 11
мянган хүүхэд гэсэн үг.

Гуйлга
гуйж, бохь зарахаас эхлээд уурхайд ажиллах зэрэг олон ажлыг хүнд хөдөлмөр гэж
үзнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны судалгаагаар 0-17 насны 851 мянган
хүүхэд амьдарч байна гэсэн Үндэсний статистикийн хорооны тооцоо бий.

Эдгээр
хүүхдийн дунд хөдөлмөр эрхэлдэг, тэр дундаа тэвчишгүй хүнд, хүүхэд ажиллахыг
хориглосон хөдөлмөр эрхэлдэг хүүхэд 11 мянга байна.

Гэтэл
нөгөө талаас 2016 оны эхний улирлын байдлаар хөдөлмөрийн насны 51193
ажилгүйчүүдийн эгнээнд бүртгэлтэй байгаа гэсэн судалгаа бий. Хялбаршуулан
тооцож үзвэл ажил хийдэггүй насанд хүрсэн таван хүн байхад хөдөлмөр эрхэлж буй
10 хүүхэд байна.

Түрүүн
дурдсанчлан хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь  өрхийн бизнест цалин хөлсгүйгээр тусладаг
буюу малчны хүүхдүүд. Өөр нэг сэдэв учраас малчдын хүүхдийн талаар дахин
дурдахгүй.

Тэгэхээр
насанд хүрсэн таван хүн ажилгүй сууж байхад тэдний хажууд нэг хүүхэд тэвчишгүй
хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг болж таарах нь.

Хүүхэд
хөдөлмөр эрхэлж байгаа нь, хүүхэд гуйлга гуйж байгаа нь, хүүхэд бохь зарж
байгаа нь, хүүхэд оройн цагаар бусдыг царайчлан хэдэн бор төгрөг олохоор явж
байгаа нь ядууралтай холбоотой, ар гэрийн эдийн засгийн ядуурал, асран
хамгаалагчийн сэтгэлгээний ядуурал, эцэг эхийн “хайрын ядуурал”-тай холбоотой.

Тийм
ч учраас Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр
“Хүүхдийн хөдөлмөрийг зогсоох хамгийн үр дүнтэй арга нь ар гэрийнхэнд нь
тусалж, ажлын байраар хангах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг багтана”
гэсэн юм.

Өнөөдрөөс
10 жилийн өмнө буюу 2006 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2016 он гэхэд устгах дэлхийн үйл ажиллагааны
хөтөлбөр”-ийг баталжээ.

Үүнийхээ
хүрээнд гишүүн орнуудын Засгийн газарт Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
устгах үндэсний хугацаат хөтөлбөрийг ажил олгогч, ажилчдын эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалах байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг уриалсан
юм.

Тэр
цагаас хойш 10 жил өнгөрчээ. Хууль батлагдсан, хүүхдийн хөдөлмөрийг таслан
зогсоох ажил хийж байгаа. Гэвч байдал хэвээрээ. Хүүхдүүд ажилласаар л…

Эх
сурвалж:gogo.mn