Японд хөнгөлөлттэй тарифаар бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой боллоо.

0
533

Эдийн
засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин
төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд энэ сарын
8-ны өдөр ноот бичиг солилцлоо.

Энэхүү уулзалтад МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч
холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцов. Гадаад хэргийн сайд
Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг
нээж үг хэллээ. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5700 бараа
бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын
гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах
зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж
нэмэгдэж байгаа юм. Мөн японы хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх, эдийн
засгийн хэлхээ холбоонд нэгдэх боломжтой болж байна.

Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу
ирэх зургадугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм байна. Уг
хэлэлцээрээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа
бүтээгдэхүүний урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна
Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач
холбогдолтой юм.

Энэ үеэр мөн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
сонирхуулж, сурталчиллаа.

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/