Ченжгүй монгол ногоо

0
558

Алс хязгаараас ирсэн
найз маань төд удалгүй буцаж буйгаа дуулгалаа. Ховдоос тав орчим тонн тарвас
тээн ирсэн тэрбээр таван хоногийн дотор бүгдийг борлуулжээ. “Улаанбаатарт удна
байх. Сэрүү буухаас өмнө хэдэн тарвасаа боломжийн үнээр борлуулмаар байна”
хэмээн учирлаж байсан тэрбээр шуудайныхаа ёроолыг үзчихэж.

Мань эр ачааны машинд хэд хоног “сэгсчүүлж”,
1600 километр зам туулсныхаа хариуд тарвасаа зараад хоёр дахин ахиу орлого
олжээ. “Килограммыг нь 700 төгрөгт бөөндөөд гурван сая төгрөг оллоо. Замын
зардал энэ тэр гэсээр бараг сая төгрөг нь “хийсчихсэн”. Гэхдээ явсан нохой яс
зууна гэгчээр чамлалтгүй” хэмээн додигор ярьж байна, мань нөхөр.

Яаж ийм богино хугацаанд борлуулсныг асуутал
тэрбээр “нууц” хэмээн сэтгэл ханамжтай нь аргагүй инээв. Тэгснээ
онлайнаар борлуулснаа хэлэв. Энэ санааг анх их сургуулийн оюутан хүү нь
гаргажээ. Ингээд л аавтайгаа хамтран борлуулалтаа эхлүүлсэн байна.

Тэд нийгмийн сүлжээ фэйсбүүкт “Ховдын ногоог хамгийн хямдаар”
нэртэй цахим хуудас нээж, час улаан амтат тарвасны зургийг үнэ, холбогдох
утасны дугаарын хамт “нүүр ном”-оор түгээжээ. 
Фэйсбүүк хэрэглэгчид ч амтат тарвасны зургийг
бие биетэйгээ хуваалцаж, сайтар сурталчилсан. Төд удалгүй захиалга авч,
автомашинаар нийслэл хотод хүргэлт хийж эхэлсэн байна.

Цахимаар ногоо борлуулж буй жишээ ганц энэ биш. “Хүнсний ногоо зарж байна. Хүргэлт үнэгүй”. Ийм зарыг “нүүр
ном”-ын хэрэглэгч та уншсан гэхэд эргэлзэхгүй байна. Ногоочдын зарим хоршоо,
хамтрал цахим худалдааны томоохон дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж буй.

Бас фэйсбүүк хуудсанд
“Ченжгүй монгол ногоо” нэртэй групп байх ба бараг хоёр мянган гишүүн
элсчээ. Ногоочид зах зээлийн шинэ хэмнэл, их хотын хэрэглэгчдийн хүслийг
мэдэрч эхэлсэн нь энэ. Тиймээс борлуулалтын стратегиа өөрчилж байна.

Их хэмжээний
бүтээгдэхүүн авсан тохиолдолд хүргэж өгөх арга нь борлуулалтыг мэдэгдэхүйц
дэмждэг гэдгийг найз маань хэлж байв. Тиймээс хамаатан садан, эсвэл албан
байгууллагууд хамтраад хүнсний ногоо захиалдаг юм байна.
 Нэг байгууллага
дунджаар 10-20 шуудай ногоо худалдан авдаг аж.

Борлуулалтаа өсгөх ийм арга манайд дэлгэрээд
удаагүй. Ер нь уншигч та анзаарсан уу. Ногоочид ургацаа өөрсдөө хэрэглэгчдэд
хүргэхийг хичээдэг болжээ. Ченжийн гар харалгүй, борлуулалт хийж буй
ногоочидтой та ч бас таарсан гэхэд эргэлзэхгүй байна. Хүн ам шигүү суурьшсан
орон сууцны хороолол, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайг зайчлан ногоогоо
дэлгэжээ.

Зарим ногоочин ачиж ирсэн
машиныхаа тэвшин дээрээс худалдаа эрхэлж ч байна. “Ногоочдын гараас “но”-гүй
хүнсийг” гэсэн хаяг хадсан цэг цөөнгүй. Ногоочид өөрсдөө энд тэндгүй борлуулалт
хийж буйгаас гадна тэдэнд зориулсан тусгай талбайг хүртэл Нийслэлийн Засаг
даргын Тамгын газраас гаргаж өгчээ.