Монголд үйлдвэрлэсэн бэлэг-ний бараа 2800 төгрөгөөс эхэлж байна.

0
718

Сар шинийн баяр хаяанд ирлээ. Удахгүй болох сар шинийн баярт
зориулсан “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд
үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Засаг даргын Тамгын
газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй юм.

 

Ням гаригийн үдээс хойш
үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар очиход нийслэлчүүд сар шинийн бэлтгэлээ
базаагаад хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Талбай дээр гарч буй үзэсгэлэнгийн гол
давуу тал нь иргэдэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нэг ширхэгийг ч
байсан үйлдвэрийн үнээр худалдаж авах боломж олгож буйд ажээ.

Энэ жилийн өргөтгөсөн
худалдаанд Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан
жолоо” групп, АПУ, “Сүү”, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”,
“Алтан тариа” ХК, “Оргио”, “Мах импекс” ХХК,
“Кажут” ХХК, “Exclusive” ХХК зэрэг үндэсний 30 гаруй үйлдвэр мөн жижиг дунд
үйлвэрлэл эрхлэгчид оролцож байна. Сар шинээр гоёх дээл хувцасаас эхлээд
зочиддоо өгөх бэлэг сэлт, тавгийн идээгээ чимэх цагаан идээ, айраг, бууз банш
гээд бүгдийг нэг дороос цуглуулж болохоор харагдана.

-Монголд үйлдвэрлэсэн футболк
2500 төгрөг-

Үзэсгэлэн худалдаанаас Монголд үйлдвэрлэсэн бэлэгний бараанууд
нэлээд эрэлттэй байлаа. Хүмүүс ноолууран хувцас гэхээсээ илүү үнэ хямд даавуун
материалтай хувцасыг ихэд сонирхож байв.  

Энд зарагдаж байгаа даавуун цамцууд гэхэд 3-20 мянган төгрөгийн
үнэтэй байна. Чанартай материалаар эх орондоо үйлдвэрлэсэн, бэлгэнд өгөхөд
зориулсан хайрцаг савтай, дээрээс нь Хятадын бэлэгний бараанаас хямдхан, учир
худалдан авагчид ам сайтай байлаа. “Exclusive” үндэсний брендийн хүзүүний
ороолт, гоёлын алчуурууд 2800-4000 төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн хувцас
гэхэд, цамц 4000, өмд 3500 төгрөгийн үнэтэй байх ажээ. Тэд даавуугаа Солонгосоос
оруулж ирдэг байна. “Дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийвэл үүнээс хямдхан
үнээр иргэдийн гар дээр хүргэх боломжтой. Гэвч дотооддоо үйлдвэрлэж байгаа
даавуугаар хийе гэхээр үнэтэй тусах гээд байдаг учир гаднаас түүхий эдээ
авахаас өөр аргагүй байдаг” талаар тус компанийн захирал Г.Майцэцэг хэллээ.

Урдаас оруулж ирсэн нейлон материалтай бэлэгний футболкууд доод
тал нь 4000 төгрөгийн үнэтэй байдаг. Харин энд зарагдаж байгаа “Хануй”
үйлдвэрийн даавуун материалтай футболкны ширхэгийн үнэ 2500 төгрөг байна.

Эндээс харахад иргэд урдаас орж ирсэн хямдхан бараа авахаасаа
илүү хүнд хэрэгтэй бэлэг авч өгөхийг хичээдэг болжээ. Үндэсний үйлдвэрлэгчид ч
үүнийг нь мэдэрч гарын ая даах, хэрэглээ удаантай бүтээгдэхүүнийг хямдхан үнээр
нийлүүлэхийг хичээдэг болсон нь мэдрэгдэж байлаа.

 “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд зарагдаж
буй цагаан идээнүүд мөн хямдралтай үнээр борлуулагдаж буй юм байна. Архангай
аймгийн Хотонт сумын айраг 1 литр нь 2500 төгрөгийн үнэтэй байгаа бол хорхой
ааруул нэг килограмм нь 6000 төгрөг, хольсон тос мөн 1килограмм нь 6000 төгрөг,
тогооны өрөм 8-10 мянган төгрөгий үнэтэй байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын
15-ныг хүртэл үргэлжилнэ.

Д.ТҮВШИН