Түншлэлийн хэлэлцээрээс Монголчууд юу хожих вэ?

0
650

Манай улс дэлхийн 150
орчим оронтой худалдаа хийснээс Япон Улстай хийж буй худалдааны эргэлтийн
хэмжээ 525 орчим сая ам.доллар байгаа нь Монголын нийт худалдааны эргэлтийн 4.7
хувийг эзэлж байгаа юм. Үүнээс манай улс Японд 24.3 сая ам.долларын бараа
экспортолж, Японоос 501.2 сая ам.долларын бараа импортолж байгаа. Тус улстай
хийсэн худалдааг бүтцээр нь авч үзвэл, экспортын 90 орчим хувийг ямааны
ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлж байгаа бөгөөд
импоротолсон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлжээ.

 

Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрийн талаарх Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Тариф,
худалдааны ерөнхий хэлэлцээрийн суурь зарчим болон олон улсын туршлагаас
харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг
чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг аж.

 

Хэлэлцээрийн хүрээнд
олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг
импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар
чөлөөлөхөөр харилцан тохиролцсон байна. Ингэснээр Монголын тал 97 бүлгийн 5700
орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын
гаалийн тарифыг бууруулах юм.

 

Ажлын хэсгийн
тооцоогоор хэлэлцээр байгуулагдсан эхний жилд улсын төсвийн орлого 9.8 сая
ам.доллараар буурах ч Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр орны худалдааны
эргэлт өсөх бололцоотой гэнэ. Дэлхийн чанар, стандартын баталгаа болсон Японы
зах зээлийг манай орны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн удахгүй зорино. Түүний
түүчээ нь цөцгийн тос байх нь. Хөгжиж буй эдийн засагтай, үйлдвэрлэлийн салбар
нь сэргэж яваа Монголоос эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан
авах сонирхлоо Японы тал илэрхийлсэн байна.