НААДМЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ӨРГӨНӨӨР ХАМРАГДЛАА

0
1970

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар бөх хүчтэй, морь хурдан, сур мэргэн, наадамчин олон нь налгар тайван сайхан наадлаа. Аливаа баяр наадмын өдрүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчилах боломжыг олгосон томоохон үзэсгэлэн яармагууд зохион байгуулагддаг.

Энэ жилийн үндэсний их баяр наадмыг угтсан үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэмжээнд хэд хэдэн чиглэлээр зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал :

2017 оны 7 дугаар сарын 4-өөс 10-ны өдрийг дуустал Мишээл экспо төвд “Үндэсний наадам экспо” зохион байгуулагдлаа. Зургаан өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 25 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж оролцож 11 нэр төрлөөр өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг наадамчин олондоо танилцуулсан юм. Манай Хан-Уул дүүргээс “Их хатадын гоёл” компани оролцож өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох Монгол эмэгтэйн хэдийнээс гоёж ирсэн үндэсний хэв маяг бүхий толгойн гоёл, ээмэг зүүлт, үсний даруулга, бусад гоёл чимэглэлийн зүйлсийг худалдаалж, нээлттэй сурталчилгаа хийснээс гадна орлого ашигаа нэмэгдүүлж ажиллаа.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ –оос “ЗУНЫ НААДАМТАЙ БЭЛЭГТЭЙ БОГЦ” хөтөлбөрийг үндэсний их баяр наадамд зориулан хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд үзэсгэлэн худалдаа, баяр наадмын тусгай үйл ажиллагаанууд багтаж 7 дугаар сарын 11-13-ны өдрийг дуустал гурван өдөр үргэлжиллээ.

Үндэсний үйлдвэрлэгч жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн “НҮҮДЭЛЧИН СЭРЭХҮЙ” зан заншлын үзэсгэлэнд манай дүүргийн иргэн Д.Эрдэнэбат оролцож түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ олонд сурталчилан таниулж, өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэн ажиллаа.

Наадамчин олны зорин очих Хүй долоон худагт “ИХ ХОТЫН НААДАМ” үзэсгэлэн худалдаа баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын нэгнээс 13-ны өдрийг дуустал зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд манай дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн Б.Долгоржав болон С.Эрдэнэцэцэг нар амжилттай оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ гадаад дотоодын иргэд жуулчдад сурталчилан борлуулж, орлого ашигаа нэмэгдүүллээ.

Цаашдаа манай Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, тэдний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг тогтмол зохион байгуулах тул бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Хан-Уул дүүргийн ЖДҮДТ холбогдох утас – 7000 7012