Б.Лхагважав: Татварын системийн зохицуулалтыг зөв хийхгүй бол баялаг бүтээгч олдохгүй

0
674

Монголын Үндэсний Худалдаа
Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


Ипотекийн зээлд өөрчлөлт оруулах зургаан заалт бүхий шаардлагыг Барилга, хот
байгуулалтын сайдад хүргүүлсэн байна. Орон сууц худалдан авсан иргэдийн НӨАТ-ын
10 хувийг буцааж өгснөөр борлогдохгүй байгаа байрны эрэлтийг нэмэгдүүлнэ гэжээ.
Эдийн засаг хямарсан үед энэ салбарыг ингэж дэмжье гэсэн саналаа эхлээд
тайлбарлахгүй юу?

Манай улс 2005 оноос анх дөчин
мянга, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг явуулж эхэлсэн. 2013 оны
зургадугаар сарын сүүлээр 900 тэрбум төгрөгийг зөвхөн ипотекийн зээлд өгсөн. Арваад
жил хэрэгжсэн энэ ажлын үр дүнд орон сууцны илүүдэл ихэссэн. Эрэлт, нийлүүлэлт
гээд аль  аль талын зохицуулалт байгаа. Өнөөдөр 7000 орон сууц илүүдээд
байна. Дээр нь хавраас ажил эхлээд зогссон барилгууд цаашид үргэлжилбэл 20-иод
мянган орон сууц нэмэгдэнэ. Нийт 27000 орон сууцны илүүдэл байгаа. Тиймээс
Барилга хот байгуулалтын сайдад өгсөн гол шаардлага бол нийлүүлэлт илүүдчихсэн
байгаа энэ үед эрэлтийг өдөөж өгөхөд хэдэн механизм хийж өгье гэсэн юм. Хуучин
татварын хуулиудад иргэд орон сууц худалдаж авсан бол урамшуулалын систем
байдаг.

Гэвч энэ нь цаг үеэсээ
хоцорчихсон байгаа. Жишээлбэл, хувь хүний албан татварын тухай хуулинд “30
хүртэлх сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авсан бол түүнд ноогдох 3 сая
төгрөгийн татварыг татвараас чөлөөлж өгнө” гэсэн. Ингээд 2007 оны 1 дүгээр
сарын 1-ээс байр авсан иргэд жил болгон тодорхой хэмжээний мөнгийг буцаан авч
байна. Энэ дүн жилдээ ойролцоогоор 10-аад тэрбум төгрөг болдог. Тэр 30 сая
төгрөг бол хуулийг хэлэлцэж байх үед 3 өрөө байрны мөнгө байсан. Гэтэл өнөөдөр
энэ мөнгөөр 1 өрөө байр ч авч чадахгүй. МҮХАҮТ-ын зүгээс НӨАТ-ын 10 хувийг байр
худалдаж авсан хүнд буцаагаад өгчихье гэж байгаа юм. Өнөөдөр 100 саяын байр
авсан хүн нэмээд 10 сая төгрөгийн НӨАТ төлж байгаа. Энэ мөнгийг л буцаагаад
өгөх механизмыг хэрэглээч гэсэн санал тавиад байна.

– Манайх
өмнө нь ийм механизм хэрэглэж байсан биш билүү?

Хэрэглэж байсан. Гэвч төгс
болоогүй л дээ. Тухайн үедээ дэмжлэг болсон. Хууль нь 2005 оны 8 дугаар сарын
4-нд гарч байсан. Зарим төрлийн материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан
татвараас чөлөөлөх мөн НӨАТ-аас чөлөөлөх гэсэн 2 янзын хууль гарч байсан юм.
НӨАТ-аас чөлөөлөх хууль нь гуравхан зүйл заалттай байсан. Иргэд орон сууц
худалдаж авбал НӨАТ-гүйгээр авна гэсэн заалт 2008 оны 1 дүгээр сарын 1-нийг
хүртэл хэрэгжсэн гэтэл 2007 онд энэ хуульд өөрчлөлтүүд ороод тасалбар болгосон.
Гэхдээ тоног, төхөөрөмж, материалд өгсөн хөнгөлөлтүүдийг барилгын компаниуд маш
сайн ашиглаж чадсан л даа. Буцаагаад иргэнд өгөх механизмаа ашиглаагүй. Тиймээс
өмнө туршиж байсан энэ хууль эрх зүйгээ дахин ашиглая гэж байгаа юм.

– Одоо
хэрэгжих боломжтой гэж үү?

Бүрэн бололцоо бий. Ер нь зах
зээлд өрсөлдөж байгаа компаниуд шудрага байя гэдэг зарчмыг тавиад байгаа шүү
дээ. Зах зээлд татвараа төлж байгаа компани л оршин тогтноно. Татвар төлдөггүй
компанийг үндэсний баялаг бүтээгч гэхэд хэцүү л дээ. НӨАТ-ын хяналт бол аж
нэгжийн албан татвар ч юм уу, хувь хүний орлогын албан татварыг ихэсгэдэг. Тэр
хэмжээгээр бусад татварууд өссөнөөр улсад ашигтай байдаг механизм. Гэтэл
манайхан НӨАТ-ын буцаалтыг, хөнгөлөлтийг сайн ашиглаж чаддаггүйгээс болоод энэ
нь бизнесийн дарамт юм шиг харагддаг.

– Барилгын
орон сууцны НӨАТ-ыг иргэдэд буцаагаад өгвөл барилгын компаниудын бүх тайлан
баланс албан ёсоор гарна гэх гээд байна уу?

Тийм тийм. Тэнд нуугдсан бүх
орлого зарлагууд ил гарна. Санхүү зөв болж байж тухайн салбар сайжирдаг.
Өнөөдөр манай барилгын компаниуд тэрбумаар үнэлэгдэх газар худалдаж авсан тэр
хөрөнгө зардлаа шингээж чадахгүй байна шүү дээ. Хотын төв бүсэд га газар нэг
сая ам.доллар гэдгийг захын хүн мэддэг болчихоод байна. Тэр нь барилгынхаа
зардалд ордоггүй. Иймэрхүү зүйлийг илэрүүлдэг механизм нь НӨАТ л дөө. НӨАТ
буцаан авалт иргэндээ дэм болдог. Нөгөө талаар санхүүгийн маш сайн механизм
болдог.

– НӨАТ-ын
хоёр хувийг буцаан олгох хуулийн төсөл хаврын чуулганаар орно. Ерөнхий сайдын
дэргэдэх Эдийн засгийн зөвлөл энэ асуудлыг удахгүй хэлэлцэнэ гэсэн. Бизнесийн
орчныг сайжруулах бүлгийг ахалж байгаа таны хувьд НӨАТ-ын буцаан олгох хэмжээнд
ямар саналтай байна вэ?

НӨАТ-ын хоёр хувийг буцаан
олгоно гэдэг бол сайн хэрэг. Зарим салбарт 10 хувийг нь ч буцаан олгож болно.
Уян хатан байх ёстой. Хотоос 500 км зайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжийн хэрэглэгчийн, орон сууцийн НӨАТ-ын 10 хувийг нь буцааж өгч болох юм.
Энэ тохиргоог сайн хийж өгч чадах юм бол зах зээлийг хяналтандаа авна.

– Манай
татварын систем баялаг бүтээгчдэд хэтэрхий харгис зарчмаар ханддаг. Хаврын
чуулганаар хэлэлцэгдэх татварын багц хуульд хэрхэн өөрчлөлт орж байгаа бол?

Үндсэн хуулийн зарчмын дагуу
татварын систем, татварын бодлого, хуулиа гаргах ёстой. Манай үндсэн хуулинд
иргэнээ өмчтэй болгох, аж ахуй чөлөөтэй эрхлэх, хөдөлмөрийн харилцаанд чөлөөтэй
оролцох, олсон өмчөө чөлөөтэй захиран зарцуулах буюу чөлөөт худалдаанд орохыг
тодорхой заасан байгаа. Хэдийгээр иргэд маань татвар төлөх журамт үүрэгтэй
боловч аливаа татварын системд төр иргэнийхээ дээрх дөрвөн эрхийг ямар ч
тохиолдолд хамгаалах бодлого гаргах ёстой. Гэтэл манайд татварын бодлого,
систем нь эсрэгээрээ байдаг. Татварын бодлого гаргаж байгаа хүмүүс татвараар
дамжаад баялаг бүтээгчдийн эрх ашиг яаж хөндөгдөж байна гэдгийг харах мэлмийтэй
байх хэрэгтэй. Харин манайх татвар л авч байвал тэр хүн үхнэ үү, сэхнэ үү
хамаагүй гэсэн харгис бодлого явагдаад байгаа. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг
маш ухаантай хийхгүй бол монополыг бий болгодог. Шударга өрсөлдөөнийг байхгүй
болгодог. Тиймээс татварын хуулийг хаврын чуулганаар ороход нь их судалгаа
шинэжилгээтэй, хүний дөрвөн эрхийг хамгаалсан эсэхийг нь сайтар харж шинэчилбэл
сайн байна л даа. Хямарлын үед компаниуд шигшигдээд унаж, дампуурдаг янз янзын
асуудал байгаа. Тэгэхээр хамгийн их унадаг юм нь татвар, санхүүгийн шалгалтаар
мэдээгүй юмныхаа төлөө золиос болчих гээд байдаг юм. Манай төр татварын үндсэн
зарчмыг нүдээ аниад өнгөрөөчихдөг тал бий. Тухайлбал, ажил үйлчилгээ авсан хүн өмнөх
ажил үйлчилгээний татварыг хариуцахгүй гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл манайд
эцсийн татвар төлөгч нь өмнөх бүх татвар төлөгчийн асуудлыг хариуцдаг нь маш
харгис заалт. Үүнээс болж манай хэдэн мянган компани хийгээгүй хэргийнхээ төлөө
унадаг. Төрийн буруу зохицуулалтын улмаас татварын асуудлаар шоронд яваад
байвал баялаг бүтээх хүн олдохгүй. Татварын системийн зохицуулалтыг зөв хийхгүй
бол татвар төлөгч хохироод үлддэг. Энэ гажгийг сүүлийн 10 гаруй жилд засч
чадахгүй байна л даа.


Ипотекийн зээлээр орон сууц худалдан авагчдын төлөх урьдчилгаа 30 хувийг арав
болгож бууруулах санал гаргаж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх
шаардлага хүргүүлсэн байна лээ. Банкууд 90 хувьд нь зээл гаргах уу?

Ипотекийн зээлээр орон сууцны
урьдчилгаа 30 хувийг төлөөд байр худалдан авагчдын тоо ханачихсан. Дараагийн
шатны хүмүүст урьдчилгаа 10-20 хувийг өгөх боломж байна. Тиймээс орон сууц
худалдаж авах гэж байгаа иргэд арван хувийн урьдчилгаагаа өгчихдөг. Үлдсэн 20
хувьд нь Засгийн газар баталгаа гаргаж өгье гэж байгаа юм.

– Засгийн
газар 20 хувьд баталгаа гаргаын тулд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

80 тэрбум хэрэгтэй. Банк цаана
нь 400-500 тэрбумын зээл өгөх бололцоо байгаа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед
иргэдийг төр дэмжээд баталгаа гаргаж өгч байгаа болохоос биш энэ мөнгийг зүгээр
өгөхгүй. Ипотекийн зээлээр авсан иргэд тухайн банктай байгуулсан гэрээнийхээ
дагуу 10 хувиа ч төлнө. Засгийн газрын баталгаа болох 20 хувь болон үлдэгдэл
мөнгөө ч төлнө. Хамгийн гол нь эхний суурь урьдчилгаанд нь нэг удаагийн дэм
өгснөөр цаана нь 500 тэрбумын хөрөнгө оруулалтаар зарагдахгүй байгаа 7000 орон
сууцыг эргэлдүүлье гэж байгаа юм. Одоо зах зээлд дөрвөн их наяд төгрөгийн
барилга зарагдаагүй байна. Дахиад 3-4 их наяд төгрөгийн барилга баригдах гэж
байна. Гэтэл 5 их наяд төгрөгийн баригдсан барилгууд бүртгэлд хамрагдаагүй
байгаа. Зайсан дахь газар дархан цаазат бүсэд хамаарах учраас тэнд баригдсан
барилгуудад зөвшөөрөл олгоогүй. Ихэнх барилгууд үл хөдлөх хөрөнгийн
гэрчилгээгүй, хүнд асуудлууд бий. Бүртгэлгүй хөрөнгө бол эргэлтэд ордоггүй.
ДНБ-ий тодорхой хувь эзлэх хөрөнгүүдийг бүртгэгдэхгүй байна. Ил тод байдлын
тухай хууль батлагдвал энэ асуудал шийдэгдэж, Эдийн засагт нэмэртэй.

– Манайх
дотооддоо барилгын үндсэн материал үйлдвэрлээд эхэллээ. Цаашид орон сууцны үнэ
буурна гэсэн хүлээлт нийгэмд байна?

Өнгөрсөн долоо хоногт би
Дорноговь аймагт баригдсан хөнгөн бетон, цементийн үйлдвэртэй танилцаад ирлээ.
Цементийн үйлдвэр гэхэд 300 сая ам.доллараар босч байгаа. Дэлхийн нэг номерын
технологи оруулаад ирсэн байна. Хэрвээ тэнд хөрөнгө оруулалтаа дахиад
шийдчихвэл бүх төрлийн цементийг жилд нэг сая тонныг үйлдвэрлэх юм билээ. Нөгөө
талд нь мөн адил ийм хэмжээний хүчин чадалтай үйлдвэр өнөө маргаашгүй ажиллаад
эхлэх гэж байна. Цементийн бүх түүхий эд нь манай улсад байгаа. Тэдгээр үйлдвэр
ашиглалтад орвол түүхий эдийн үнэ буурна.

Эх
сурвалж: Өдрийн сонин