Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

0
545

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум
төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний
экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбатад Засгийн газрын 2015.04.21-ний хуралдаанаар даалгасан.

Энэ хүрээнд өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн
нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын
холбогдох  албаныхан “Монголын ноос ноолуурын холбоо”  болон
үйлдвэрлэгчидийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноолуур
боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл 
олгох нөхцөл болон Аж үйлдвэрийн яам цаашид энэ салбарт ямар бодлого баримталж
ажиллахаа танилцуулсан юм.

Аж үйлдвэрийн яамны зүгээс зээлийн хүүг  жилийн 9 хувиас
ихгүй  байхаар  арилжааны банкуудтай харилцан тохиролцжээ. Эргэлтийн
хөрөнгийн зээл олгох зарчим өнгөрсөн жилийн схемтэй адил байхыг мөн энэ үеэр
онцолсон юм. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг
нэмэгдүүлэхтус зээлийг олгохдоо үйлдвэрлэгч бүртэй гэрээ байгуулж, энэ оны
арванхоёрдугаар сарын 30-ы өдрөөр гэрээг дүгнэнэ. Улмаар гэрээний үүргийг
биелүүлсэн үйлдвэрлэгчидтэй цаашид нэг жилийн хугацаатайгаар гэрээг 
сунгаж,  ажиллах хүрээнд журам боловсруулагдаж байгааг   Аж
үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр тусмаа ноолуурын үйлдвэрлэлд
цаашид салбарын яам,  үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод хэрхэн хамтын
ажиллагаатай байх талаар мөн санал бодлоо солилцлоо. Яамны зүгээс 
бодлого, дэмжлэг тодорхой шийдвэр гаргаж байгаа энэ үед үйлдвэрлэгчид,
мэргэжлийн холбоод,  ТББ-ууд мөн адил үйл ажиллагаагаа  идэвхжүүлэх
шаардлагатайг  ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Үүнээс
гадна үйлдвэржилт тэр дундаа ноолуурын үйлдвэрлэл цаашид кластерын системээр
хөгжиж, экспортыг нэмэгдүүлэхэд хичээж ажиллахаа салбарын сайддаа дуулгасан
 юм.

Дашрамд дурдахад,  ирэх зургаадугаар сард Япон улсад зохион
байгуулагдах “Монгол-Японы төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт”-д ноолуурын
салбарынхны  оролцоо  чухал байгааг салбарын сайд хэллээ.

Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй 
үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхэлж
байна. Үүний600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг  экспортолж  байгаа
юм. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан
хэлбэрээр буюу өртөг бага шингээж экспортолж байна. Хэрэв  түүхий эдээ
дотооддоо 100 хувь боловсруулбал дотооддоо хоёр их наяд төгрөгийн үйлдвэрлэл
эрхлэх  боломжтой юм.