Д.Эрдэнэбат: Одоо бидэнд хийж, бүтээж, хүндтэй амьдрах л орон зай үлдсэн

0
522

-Аж
үйлдвэрийн яам байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж байна. Өмнө нь Хүнс, хөдөө
аж ахуйн яаманд харьяалагддаг байсан үйлдвэрлэлийн салбар бие даасан яамтай
болсноор ямар өөрчлөлт гарсан бэ?

-Аж
үйлдвэрийн яам байгуулагдаад бүтэн жилийн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэдгийг
надаас илүүтэйгээр үйлдвэр эрхлэгчид хэлнэ. Эдийн засгийн хувьсгал Монгол оронд
эхэлсэн. Манайх аж үйлдвэржсэн орон болж чадаагүй, зөвхөн уул уурхайн баялагтаа
тулгуурлан амьдарч ирсэн байна гэдгийг өнгөрөгч хугацаанаас харж болно. Дэлхийн
зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байх тэр үед уул уурхай дагасан гадаадын
хөрөнгө оруулалт ч маш ихээр орж ирж байсан үе. Гэтэл боловсруулах аж
үйлдвэрийн салбарт гадаадын ямар хөрөнгө оруулалт байсан бэ? гээд эргээд харвал
юу ч үгүй. Тиймээс ч Монголын төр Аж үйлдвэрийн яамыг байгуулж,Төрөөс аж
үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталсан.

-Аж үйлдвэрлэлийн бодлого ярихаар эхлээд суурь үйлдвэрүүдийн
асуудлыг ярьдаг?

-Хүнд
үйлдвэрлэл бол эдийн засгийн хөгжлийн суурь ойлголт. Адаглаад нефтиэ өөрсдөө
боловсруулаад шатахууны хараат байдлаас гарах, ганц газрын тос ч гэлтгүй түүхий
эдээ боловсруулах бодлогын оролдлого ч хийсэнгүй. Мэдээж хүнд үйлдвэрлэлийг бий
болгоход цаг хугацаа, судалгаа хэрэгтэй. Гэхдээ энэ улсад судалгаа, шинжилгээ
багадаагүй. Хэлэх ярих, шүүмжлэх нь ч багадаагүй. Гагцхүү хийж хэрэгжүүлэх нь
багадсан. Харин нэг жилийн дотор энэ бүхэн өөрчлөгдсөн нь Аж үйлдвэрийн яам
байгуулагдсаны нэг онцлох зүйл гэж хэлмээр байна. Бид бодлогоо батлуулсны дараа
Засгийн газраар 15 жилд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө батлуулсан. Уг
хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, суурь үйлдвэрлэл болох хүнд
үйлдвэрийнхээ судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ дуусгаад үйлдвэрүүдийг ирэх таван
жилийн хугацаанд ашиглалтад оруулах ёстой.

Ямартай
ч эхний ээлжинд өөрсдийн байгаа түүхий эдэд суурилсан газрын тос боловсруулах
үйлдвэрийн ажлыг эхлүүлэх нь энэ улсын амин чухал асуудал мөн. Жижиг дунд
үйлдвэрүүдийг салбарын онцлогийн дагуу дэмжиж, гадаадад бүтээгдэхүүн гаргах
чиглэлд төрийн дэмжлэгийг эрчимтэй үзүүлэх шаардлагатай. Импортын хараат
байдлаас салахын тул дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бараа бүтээгдэхүүний чанар
стандартад анхаарах нь зүй ёсны хэрэг.

-Гэхдээ өнгөрөгч хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг нэлээдгүй
дэмжсэн. Үр дүн хэр гарсан юм бол. Одоо хүнд үйлдвэрүүдээ дэмжих үү. Та
салбарын бодлогыг тодорхойлох болсноосоо хойш экспортыг чухалчилж байгаа нь
анзаарагдсан?

-Жижиг
гэж гололгүй үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Энэ дэмжлэг нь өмнөх Засгийн газрын
үед эхэлсэн ажил. Шинэчлэлийн Засгийн газрын үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж
ирснийг үргэлж дэмжиж байсан. Бид үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх ёстой.
Үйлдвэрүүдэд зээл өгч дэмжих хэрэгтэй.

Хүнд
үйлдвэрүүдийн гарааны төслүүдэд санхүүжилт өгөөд эхлэх үед Аж үйлдвэрийн яам
байгуулагдан үргэлжлүүлээд авч явсан. Дараагийн онцлох зүйл нь яамны зүгээс
бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг чухалчилж байна. Энэ хүрээнд
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулсан явдал. Уг хуулийн ноён нуруу нь
экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргаж буй аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл
олгох юм. Зарим шинжлэх ухаан, технологид оруулсан хөрөнгө оруулалтыг төрөөс
хариуцах гэх мэтчилэн заалтууд туссан. Өөр нэг заалт нь дотоодын үйлдвэрлэлийн
бараа бүтээгдэхүүнийг дотооддоо борлуулахад давуу эрх олгоно. Монголдоо үйлдвэрлэж
буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирэх
бол татвараар зохицуулахаас эхлээд нүдээ олсон зүйлс бий. Ноднин эдийн засаг
хэдийгээр хүнд байлаа ч үндэсний үйлдвэрлэгчдийн идэвхжил өндөр байсан.
Үндэсний үйлдвэрлэгчдэд очиж буй төрийн болон янз бүрийн дарамтууд бас
багассан. Учир нь тэд өөрсдийгөө хамгаалж, өмгөөлөх, бодлогын зохицуулалт хийх
салбарын яамтай болсон явдал юм. Энэ салбарт танай, манай гэх мэт ялгаа
байхгүй. Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт бол бүгд ард түмний өмч хөрөнгө. Ард
түмний нуруун дээр ирсэн эрсдэл. Үүнийг үйлдвэрлэгчид нуруун дээрээ үүрч байгаа
болохоор бид хүндлэх ёстой юм. Харамсалтай нь энэ биднээс холдчихсон байж.
Харин яам байгуулагдсанаар ойртох боломж бий болсон. Бүх зүйл энгийнээс эхэлдэг.
Гэхдээ том зорилготой байх ёстой. Бид хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд
хурдтай, хараатай байх шаардлагатай. Энэ ажлыг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт
эхлүүлэх л байсан.

-Яалт ч үгүй энэ тал дээр бид хугацаа алдсан тал бий?

-Хугацаа
алдсан. Маш их шүүмжилсэн, ярьсан, онолдсон. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ
хэд дахин уначихлаа. 2012 онд бялхаж байсан нүүрсний үнэ гурав дахин, зэс хоёр
дахин, төмөр дөрөв дахин, нефть тав дахин уналаа. Одоо бидэнд юу үлдэв,эргээд
нэг хар. Эдийн засгийг улстөржүүлснээрээ биднээс үл хамаараад улс орноо
хүндрэлд оруулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Бид хэн
нэгэн буруутанг бие биенээсээ хайдаг. Буруутанг хайснаараа бид хожихгүй. Энэ
хүндрэлийг олж хараад өөрсдөө хөдөлмөрлөж ард нь гарна. Харин хөдөлмөрлөх нь
хэн бэ гэдгийг зөв харж дэмжих нь төрийн үүрэг болж хувирч байгаа юм.

Суурь баазтай, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж
байгаа компаниудаа дэмжинэ

-Ярьдаг, шүүмжилдэг, гацаадаг улстөрчид энэ Их хуралд бий. Хийж хэрэгжүүлэх нь хэн бэ гэдэг нь л
асуултын тэмдэгтэй байж ирсэн…

-Өнгөрсөн
дөрвөн жилд төслүүд хэрэгжсэнээр бид ядаж хадаасаа өөрсдөө хийдэг болж эхэллээ.
Консервныхоо лаазыг хийдэг боллоо. Үүнд улс төр хэрэггүй. Зөвхөн санаачилга,
эхлэл, хурд гурав л хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгнээс айгаад байх шаардлага
байхгүй. Гэхдээ бид хийхдээ нэгдмэл ойлголтоор, нэг эв санаатай, нэгдмэл
зорилгоор хийх ёстой. Аажмаар ч гэсэн энэ голдирол руугаа орж байгаа нь маш
зөв. Бидний хийх ёстой тэр орон зай руу одоо л бид орж байна.

Энэ
салбарын ажлыг явуулахад манай Их хурал нэг их улстөржсөнгүй. Монгол Улсдаа
баялаг бүтээхийн төлөө, үйлдвэр байгуулахын төлөө өөрийнхөө бүх хөрөнгийг
эрсдэлд оруулан байж юм хийж байгаа хүмүүсийн төлөө ажиллах ёстой гэж ойлгодог.

-Аж үйлдвэрийн салбарт энэ оныг дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг
дэмжих он болгон зарласан. Энэ хүрээнд бодлогын ямар ажлууд хийгдэх вэ?

-2016
оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ жил
дотоодын үйлдвэрлэлийнхэн экспортод бараа гаргах бол эргэлтийн хөрөнгийн зарим
нэг асуудлыг шийднэ.Шинээр гарч буй хүнд үйлдвэрийг дагасан жижиг, дунд
үйлдвэрүүд нэмэгдэх гэж тооцоолж байна. Үүнийгээ бид бодлогодоо тусгана.

Одоо
металл хийц, машин үйлдвэрлэл биохимийн үйлдвэрийг нэмэх хэрэгтэй. Сав баглаа
боодлын үйлдвэрүүд аятайхан болж байгаа. Гэхдээ цаасаа хаанаас авсан бэ гэхээр
урдаас оруулж ирсэн байдаг. Тиймээс цаасны үйлдвэрээ Монголд бий болгох цаг нь
болсон гэх мэтчилэнгээр бодлогын чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжинэ. Суурь баазтай,
бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа компаниудаа дэмжинэ.

-Та өнгөрөгч оны сүүлээр Европын орнуудаар айлчлахдаа нэлээдгүй
ажил амжуулаад ирсэн гэсэн. Гадныхан манай бүтээгдэхүүнийг авах сонирхолтой
гэдгээ илэрхийлсэн гээ биз дээ?

-Би
өнгөрөгч арваннэгдүгээр сард Европын орнуудаар яваад ирсэн. Герман болон
Европын тоног төхөөрөмжийг манайд оруулж ирье хэмээн уулзалтын үеэр хэлэхэд
тэдэнд сонирхол байгаагаа илэрхийлж байсан. Тэдний тоног төхөөрөмж дээр
үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг экспортоор авахаа хэлцгээж байна. Бид анх
удаагаа оролдлого хийгээд бүтэмжтэй байлаа. Манай үндэсний компаниуд очоод олон
сая ам.долларын гэрээ хийсэн. Анх удаа Засгийн газраар гадаад хөрөнгө
оруулалтын зээлд баталгаа гаргах асуудал орж үзэж байна.

Өнгөрөгч
онд дотоодын худалдан авалт эрчимжсэн. Энэ жил бүр эрчимжинэ гэж бодож байгаа.
Боловсролын яам, нийслэлийн Тамгын газар гээд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээ
илэрхийлсэн.

-Гэхдээ манай дотоодын бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа
бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг гэсэн гомдол байдаг. Үнийн хувьд цохиулчихаад
байдаг талтай?

-Ийм
маргаан байдаг. Хятадын зах зээл бөөний үйлдвэрлэл дээрээ өртөг хямд гардаг юм.
Монголын зах зээлд тийм орон зай байхгүй болохоор өртөг өндөр байдаг.

Бид
олон тоогоор экспортод гаргасан нөхцөлд үнэ бууна. Өндөр үнэтэй байдаг гэдэг нь
нэг талаасаа чанарын илэрхийлэл байдаг гэдгийг мартаж бас болохгүй. Нэг жишээ
хэлэхэд, арьс ширний үйлдвэр дээр очиход цэргийн суран тэлээ 20 мянган төгрөг
байдаг бол Хятадын дуураймал тэлээ Монголд 15 мянган төгрөг байна. Харьцуулахад
манайх үнэтэй. Чанарын хувьд манайх илүү. Манайд үнээр өрсөлдүүлээд хямдыг нь
авдаг буруу жишиг бий. Үүнийг өөрчилнө. Үнэндээ манайд 15 мянган төгрөгөөр
зарагддаг тэлээ урд таван мянган төгрөг байдаг. Үүнийг гурав нугалаад төрд
шахдаг бизнесийн сүлжээ манайд бий. Үүнээс салахаас зарим хүмүүс айдаг. Цэрэг
тэлээ таван мянган төгрөгийн зөрүүтэй ч гэсэн хятад тэлээг таван сар ч
бүслэхгүй байна. Харин монгол тэлээг тэр залуу насаараа бүсэлнэ. Ялгаа нь ердөө
л энэ.

-Сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн хувьд
шинэчлэл хийгдсэн. Гэхдээ энэ бүгдийг бондын мөнгөөр санхүүжүүлсэнд дургүй
хэсэг байх юм…

-Энгийн
л зүйл хэлье. Дээр хэлсэн хадаасны, консервны лаазны үйлдвэр, аймаг нийслэлийн
авто замууд бүгд л бондын мөнгөөр боссон. Энэ мөнгийг бэлэн тараагаагүй. Харин
өмнө нь иргэн бүрт 20 мянган төгрөг гээд нэг их наяд төгрөг тараачихаад эргээд
хүртэх зүйлгүй үлдсэн. 20 мянган төгрөг тараасны дараа хэдэн өрхийн амьдрал
сайжирсан юм. Бондын мөнгө гэдэг чинь үйлдвэрлэлийн эдийн засагт шингэчихээд
байна. Хүмүүс зам гэх мэт дэд бүтцэд хэрэггүй мөнгө зарлаа гэж шүүмжилдэг. Зам
гэдэг чинь эдийн засгийн далд өгөөжтэй эд. Цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай
манайх шиг оронд хот хөдөөг холбосон зам амин чухал. Үндэсний аюулгүй байдлын
асуудал. Эдийн засгийн ийм далд өгөөжийг тооцохгүйгээр хоосон хийрхэж болохгүй.
Экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүд арьс шир, ноос ноолуур, ган, цементийн
үйлдвэр гээд энэ бүхэн чинь бодит хөрөнгө оруулалт мөн биз дээ.

Өрөнд
орохгүйн тулд бид оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хайрлаж, хамгаалах
хэрэгтэй. Бидэнд яагаад ийм сэтгэл дутаад байна вэ гэдэгт асуудлын гол оршиж
байгаа юм. Тиймээс би бондын зарцуулалтыг маш их дэмжсэн. Үр өгөөжөө өгнө
гэдэгт итгэлтэй байдаг учраас тэр. 2016-2017 онд олон үйлдвэр ашиглалтад орно.
2019-2020 онд хүнд үйлдвэрүүд ашиглалтад орж эдийн засаг солонгорсон бүтэц
рүүгээ орох ёстой. Бид ингэж төлөвлөж, ингэж зорьж байна.

Би үүнийг монголчуудын эв нэгдлийн бүтээн байгуулалт байгаасай
гэж туйлаас хүсч байна

-Газрын тос боловсруулах үйлдвэрээ барих ёстой гэсэн шийдвэрийг
гаргачихлаа.
 Гэхдээ
ямар нэгэн байдлаар хийж эхэлсэн ажлыг улстөржүүлээд зогсоодог нь манайхны
хамгийн сайн хийдэг зүйл юм биш үү?

-Бид
газрын тос боловсруулах үйлдвэрээ ч барих асуудлыг шийдсэн. Зах зээл,
өртгийнхөө хувьд өнөөдөр л хамгийн тохиромжтой цаг гэж харсан. Энэ Засгийн
газар үйлдвэр барих шийдвэр гаргасан бол 2016 оны сонгуульд өрсөлдөх бүх нам
энэ бодлогыг дэмжинэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаасай. Энэ чинь Монголын ард
түмний эрх ашиг. Түүнээс Эрдэнэбатын, Аж үйлдвэрийн яам, Ч.Сайханбилэгийн
Засгийн газрын асуудал биш. Тэгэхээр бидний ажил нэлээд далайцтай тал руугаа
явчихсан гэж харж байгаа.

Манай
үндэсний компаниудын консерциум болон гадны хөрөнгө оруулагчидтай хамт орж ирэх
нь нээлттэй. Ганцхан шугам хоолой татах асуудлыг төр өөрөө гүйцэтгэнэ. Би “Газрын
тос ба эдийн засгийн нөхцөл байдал” сэдэвт газрын тосны ТББ-уудын хамтарсан
конференцид үг хэлсэн. “Та нар нэг талдаа байж өгөөрэй. Та нар үүнд оролцоорой.
Энд ямар нэгэн хөндлөнгийн эрх ашиг гэж байхгүй шүү” гэдгийг захисан.

-Гэхдээ нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэчихээд маш олон
жил эхэлсэн ч ажилгүй явсан. Хүмүүсийн итгэл хэр байх бол?

-Энэ
үнэн. Эргэлзээ байна. Зарим нэг нь сонгуулийн шоу гэж харж байна. Гэхдээ
дийлэнх олонхи нь энэ Монголд хэрэгтэй шүү гэж санаа нь зовж байгаа юм. Би бол
тэр хүмүүсийнх нь л нэг. Манай улс чинь таван тэрбум ам.долларын импорттой. Энэ
импортын 1.5 тэрбум нь зөвхөн шатахуунд зарцуулагддаг. Импортынхоо 1.5 тэрбум
ам.долларыг чөлөөлчихвөл манай эдийн засаг ямар их хөнгөрөх вэ. Ам.долларын
ханшийн савлагааны тухай ярих нь багасна. Манай хоёр хөршийн зах зээл хямд
байна. ОХУ-д ам.долларын ханш унаад бүтээгдэхүүн нь манайхаас хямдхан
болчихсон. Хүн нийгмийн нэгэн хэсэг болохоор аль хямдаас нь л авдаг. Тиймээс
ийм жижиг зах зээл дээрх ам.долларын ханш саваад байгаа юм. Хэрэв бид өөрсдөө
бүтээгч орон болчихвол ийм нөхцөл бидэнд үүсэхгүй. Энгийн хэрэглээн дээр
ам.долларын ханш савж байна гэдэг бол бид дэндүү эмзэг эдийн засагтай
байгаагийн шинж.

-Эдийн засгаа бэхжүүлэхийн тулд яах ёстой юм. Гаднаас авч байгаа бүтээгдэхүүнээ
дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл валют нь ядаж дотооддоо үлдэж ханш өсөхгүй байх
боломжтой…

-Бид
бараа бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулахаас илүү экспортолдог байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл гаднаас валют олж ирдэг байх хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр бид хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн гээд аахар шаахар зүйлээ л
дотооддоо үйлдвэрлэдэг. Манай жижиг дунд үйлдвэр бяд сууж амжаагүй байна.
Тиймээс экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа хэрэг. Экспорт болон
үйлдвэржилтийг дэмжих тухай хууль гарсны дараа энэ оны худалдааны баланс дээр
хэд хэдэн сонин тоо ажиглагдсан. Бид хэдэн сая тонн цемент гаднаас оруулж ирж
барилга барьдаг байсан цаг саяхан. Гэтэл энэ жилээс гадагшаа цемент
экспортолдог болж эхэллээ. Энэ эерэг үзүүлэлт мөн биз. Монголын цементийн
жилийн хэрэглээ 1.5 сая тонн. Харин манайд жилд гурван сая тонн цемент
үйлдвэрлэх хүчин чадалтай гурван үйлдвэр ашиглалтад орж байна.

-Чингис бондын санхүүжилтээр хийгдсэн цементийн үйлдвэрийг
хэлээд байна уу?

-Манайхан
Чингис бондыг дагасан улсын өр нэмэгдлээ гэж ярьдаг. Би үүнийг өөр өнцгөөс
хардаг. Энэ бол өрийн асуудал биш. Эл мөнгөний гуравны хоёр нь үндэсний
үйлдвэрлэгчдийн нуруун дээр хөрөнгө оруулалт болж очсон. Үйлдвэрлэгчид маань
хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд тоног төхөөрөмжөө худалдаж авах гээд хүнд,
хөнгөн үйлдвэрүүдээ босгох гээд дотоодын бондоос зээл аваад шингэчихсэн зүйлийг
бид улстөржин унагааж болохгүй. Нарийндаа бол энэ мөнгийг та бид хоёр төлөхгүй.
Ард түмэн ч төлөхгүй. Хүүгийн эрсдэл болон энэ хөрөнгийг манай үйлдвэрлэгчид
төлнө. Тиймээс улстөржөөд, төр засаг нь тогтворгүй байгаад байхаар 5-9 хувийн
хүүтэй зээл нь зах зээл дээр 10-15 хувь болж саваад байна. Үүний хохирогч нь
үйлдвэрлэгчид. Үүнийгээ л ойлгох хэрэгтэй.

-Улстөрчид үүнийгээ мэддэг хэрнээ зориудаар ингэж улстөржүүлдэг
юм биш үү.
 Одоо
бол сонгууль дөхчихсөн бүр л гаарах байх?

-Хүн
улстөрч байж болно. Улстөрч байлаа гээд улс орноо алж болохгүй. Улс орноо алж
өөрийгөө товойлгоод байх тусам энэ улс чинь улам сүйрээд л байна. Би ч гэсэн
улстөржье гэвэл хэнээс ч дутахгүй улстөржиж чадна. Монгол зөвхөн улс төр дээр
тогтдоггүй юм. Улс төрөөс гадна эдийн засгийн харилцаан дээр тогтоод
эхэлчихсэн. Эдийн засаг нь олон төрөл болоод эхэлчихлээ. Маш олон салбарт
дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Гоё үгээр хооллодоггүй, бэлэн мөнгөөр
амьдардаггүй юм байна гэдгийг бидний өнгөрсөн амьдрал нотолчихсон. Одоо бүтээх,
хийх хэрэгтэй байна. Үйлдвэрлэлүүдийг дэмжиж байж цаана нь олон мянган ажлын
байр бий болно. Олон мянган өрх гэрийн амьдрал цэгцэрнэ. Ийм жижиг, эмзэг зах
зээл дээр ингэж хамаагүй тоглож болохгүй. Эдийн засаг тэр дундаа үйлдвэрлэлээр
ингэж ил тод хооронд нь зодолдуулж болдоггүй юм. Нэг үе танай манай үйлдвэр,
лобби гэж явлаа. Одоо наадахаа боль. Бүгдээрээ нэг санаан дор нэгдэж юмаа хий.
Тэр Таван толгойгоо нийлээд хий. Оюу толгойг нь ажиллуулаад дор нь мянган жижиг
дунд үйлдвэрийг нь ажиллуулаад өгчих. Маш олон жирийн аяга таваг угаагч,
харуулаас эхлээд ажлын байр нэмэгдэх гээд байна. Одоо нефтийн үйлдвэр
байгуулагдахад түүнийг дагасан олон арван дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх
тухай асуудал яригдана. Үүнийг дагасан өчнөөн жижиг дунд үйлдвэрийн асуудал
хөндөгдөнө.

-Тухайлбал…

-Нэг
энгийн жишээ хэлье. Эрдэнэтийн овоолго дээр катодын зэсийн 2-3 үйлдвэр
баригдлаа. Дахин 2-3 үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон. Хаягдал овоолгоос
цэвэр катодын зэс гарган авч байна. Катодын зэсийн экспорт өнгөрөгч онд 212
тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бага мөнгө биш. Эрдэнэтэд катодын зэсийн үйлдвэр
байгуулагдсан чинь үүнийг дагасан жижиг дунд үйлдвэрүүд бий болсон. Манайхан
зэс утас, зэс кабелиа өөрсдөө хийдэг болчихлоо. Барилгын захууд дээр дотооддоо
үйлдвэрлэсэн зэс кабель хамгийн чанартай, хамгийн эрэлттэй болж эхэлж байна.
Өнгөрсөн жил анх удаа зэсийн бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Бид яг ийм
бодлого руу жагсаад орно. Манай зах зээл жижиг болохоор дотоодын өрсөлдөөн
бараг байхгүй. Бидний өмнө өргөн уудам зах зээл, хоёр хөрш, дэлхий тэр чигээрээ
байна. Үүн рүү бүгдээрээ гар гэж бизнесийнхэндээ хэлж байгаа. Одоо дотооддоо
толхилцох биш дотооддоо нэгдээд олон улсын зах зээлд гарах ёстой. Боломж
хангалттай бий. Хамгийн хямд түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид зөвхөн шар
металлыг алт гэж болохгүй. Монголын бүх зүйл алт. Нефть, мал гэх мэт бүгд алт.
Тиймээс одоо ганц шар алтны тухай ярихаа боль. Энэ бидний эцсийн амьдрал биш.
Бидний үйлдвэрлэж байгаа бүхэн алтны үнэтэй болох ёстой

-Хэнтийн Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэрийн ажил хэзээ
эхэлж, хэзээ нефтиэ боловсруулж эхлэх вэ?

-Цаг
хугацаатай уралдан ажиллаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ганц
боломж өнөөдөр л олдож байгаа. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ уначихсан
үеийг бид ашиглаж энэ үйлдвэрийг барих ёстой. Өртөг багатай үйлдвэр босгохын
тулд төрийн оролцоогүйгээр хувийн хэвшлийнхнээр бүтээн байгуулалтыг хийлгэх нь
чухал. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн цэвэр ашгийг тооцон хамгийн сайн технологийг
нэвтрүүлэхийг хичээдэг. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн эрчтэй, хурдтай ажилладаг.
Би үүнийг монголчуудын эв нэгдлийн бүтээн байгуулалт байгаасай гэж туйлаас хүсч
байна.

Хуваарийн
хувьд энэ хавар сонгон шалгаруулалтаа нийтэд зарлаад хөрөнгө оруулах компаниа
тодорхой болгоно. Ажлыг нь энэ ондоо багтаан эхлүүлнэ гэж төлөвлөсөн.Энэ ажлыг
эхлүүлснээрээ Монгол Улс алдаж байгаа юм огт байхгүй. Хийж чадвал манай улс
хожно.

-Яагаад заавал Бор-Өндөрийг сонгосон юм бэ?

-Бор-Өндөрт
байгуулна гээд цээжний пангаар шийдчихсан юм биш. Олон жилийн судалгаа байдаг.
Бид урьдчилсан ТЭЗҮ-ийг Европын “Евро ойл” компаниар гаргуулсан. Тамсагбулагт
нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгийн тохиромжтой мэт боловч бэлэн
бүтээгдэхүүний тээврийн зардал нь өөрийнхөө ашгийг идчихэж байгаа болохоор
ашиггүй болж хувирсан. Сайншанд, Чойр, Зүүнбаян, Бор-Өндөр гэх мэт газруудад
судалгаа хийхэд хамгийн ашигтай дэд бүтцийн байрлал, усан хангамж,
ложистикийнхоо хувьд Бор-Өндөрийг тохиромжтой гэж үзсэн. Тиймээс бид
Бор-Өндөрийг зарласан. Хүнд үйлдвэрээ байгуулах төрийн бодлогоо гарсан, хүнд
үйлдвэрүүдийг байгуулах байршил тодорхой болж эхэлсэн. Монголд Дархан,
Сэлэнгийн бүс хар төмөрлөгийн үйлдвэрийн төв болж эхэллээ. Төмөр хийцтэй бүх
холбоос Дархан, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Сайхан сумдад яригдаж эхэлнэ. Энэ бол
түүхий эдээ дагаад хийгдэх асуудал.

Хоёр
дахь хүнд үйлдвэрийн төв нь говийн тэр хэсэг бүс болох нь. Өнөөдөртөө Бор-Өндөр
тодорхойлогдож байна. Цаашдаа Чойр, Сайншанд гээд тэлээд явна. Манайд коксын
үйлдвэр маш их хэрэгтэй байгаа. Коксын үйлдвэр барилаа гэхэд говийн бүсэд
байгуулж төмөр замаар тээвэрлэнэ. Ингээд нөгөө л төмөр замын асуудалтай
тулчихдаг. Тиймээс төмөр зам тавих нь амин чухал асуудлын нэг болсон нь үнэн.
Бид хамгийн хөнгөн амьдрал болох бэлэн зүйлээ зарж, хэсэг амьдрах шив. Энэ нь
тун богинохон настай байж. Одоо бидэнд хийж, бүтээж, хүндтэй амьдрах л орон зай
үлдсэн.

Ярилцсан

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: “Өдрийн сонин”