“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0
56

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг.

Уламжлал ёсоор 2019 оны 10 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2019” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих үндсэн чиглэлийн хүрээнд энэхүү үзэсгэлэн худалдаа нь “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ” зохион байгуулагддаг. Иймд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах, таниулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд тус арга хэмжээ нь томоохон боломжийг нээж өгдөг давуу талтай.

Манай Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулах ажлыг хийснээр дүүргийн 36 аж ахуйн нэгж, иргэн тэр дундаа “БОЙЖУУЛАХ БАЙР”-ны 4 бойжигч “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2019” үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийн тухайд эрүүл мэндийн олон төрлийн шүүс, талх нарийн боов, үндэсний дээл хувцас, арьсан эдлэл, хэрэглэл, эмчилгээний зориулалттай ванни бөмбөлөг, уруулын тос болон гэр ахуй, гал тогооны жижиг хэрэглэл, сав суулга, гоёл чимэглэл гэх мэт олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэд та бүхэн “ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР” нь худалдан авах боломжтой юм.

Иймд та бүхнийг “МОНГОЛ ХҮНИЙ АРГА УХААН”-аар хийж бүтээсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь худалдан авч “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ”-ийг уриалж байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв -2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 10-р сарын 25-ны өдрөөс 10-р сарын 27-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд “МИШЭЭЛ ЭКСПО” худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.