У.Төмөрхуяг: Бяслагаар Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан

0
422
-Бизнесийн санаагаа анх хэрхэн олж, хэзээнээс эхлүүлэв?
 
-Монголд анх тахь нутагшуулахтай холбоо­той бий болсон гэж болно. Тахийг анх бий болгосон хүн нь антарктид судлаач Ж.Цэрэндэлэг. Бид эртний танилууд. Тэр үед би сумын нарийн бичгийн дарга байсан юм. Алтанбулагийн нутаг, Хустайн ойр орчим нутаглаж байсан малчид газраа чөлөөлөхөд ямар дэм, тусламж үзүүлж болох вэ гэж тухайн үед ярилцаж байв.
 
Малчдын сүүг боловсруулдаг үйлдвэр байхад зүгээр юм байна гээд орхичихсон. 1994 онд шинэ засаг гарч би 14 жил ажилласан ажлаасаа гарч бизнес рүү ороод байтал бяслагны үйлдвэр яригдлаа. Алтанбулагаас зургаан хүн үйлдвэрийг хариуцъя гэж санал өгсөний нэг нь би. Тэр нь НҮБ-ын Голландын хөрөнгө оруулалттай төсөл байсан. Мон-94/303 гэсэн төслийн шалгаруулалт явагдахад шалгарч энэ төслийг хийсэн. 1994 оны намар Голландаас нэг мэргэжилтэн ирж бяслаг хэрхэн хийхийг надад заалаа. 70 гаруй насны өвгөнтэй хоёулаа 10 литр сүүгээр гэртээ туршиж үзчихээд нөгөө хүн маань долоо хоноод яваад өгсөн. 1995 оны хавар нөгөө мэргэ­жил­тэн маань 42 хоногийн хугацаатай ирсэн. Тэр хооронд би үйлдвэрээ бэлэн болгох ёстой байсан учраас хуучин худалдааны ангийн барьж байгаад орхисон барилгыг худалдаж аваад үйлдвэрээ барьж, Алтанбулагийн малчдын сүүг худалдаж авдаг болсон.

-Тэгвэл Голланд стандартаар бяслаг хийдэг болжээ. Хэдэн төрлийн бяслаг хийдэг юм бэ?
 
-1998 он хүртэл Голланд технологийг мөрдөж байсан. Будаг, өнгө шаргал байх, удаан хадгалах, Е гэж нэрлэдэг нэмэлтийг хийдэг байснаа яагаад Монгол үнээний сүү өөрөөрөө байж болдоггүй юм гээд туршсан. Алдаа, оноо байж магадгүй, далимд нь Монголынхоо газар нутгийг үзүүлье гэсэн сэтгэлээр ирж, очих унааныхаа зардлыг та даачих, Монголд байх зардлыг чинь би даая хүрээд ирээч гээд эхнэртэй нь урьсан. Тэгээд 21 хонохдоо Өвөрхангайн Улаан­цутгалан, Хар­хориноор аялуулахдаа шинэ бүтээгдэхүүнийхээ талаар ярилаа. Тэгсэн энэ болж байна, сайхан бяслаг болсон байна. Харин чамд хэдэн тоо өгье. Чи өөрөө цааш нь хийгээрэй гээд нисэх гэж байхдаа надад шинэ бяслагны технологи өгсөн. Голландаас энэ бяслагт орох гоньд явуулна гэлээ. 1999 оноос хоёр төрлийн бяслаг хийдэг байсан бол өнөөдөр зургаан төрлийн бяслаг хийж байна. Тухайлбал, “Хустай гоуда” гэсэн анхны бяслаг байгаа. Энэ нь тослог өндөртэй, пицца, зууш болон хайлдаг төрлийн бүх хоолонд хэрэглэдэг. Дараагийнх нь гоньдны төрлийн ургамалтай. Энэ нь халуун ногоо иддэг хүмүүст тааламжтай, эрүүл мэндийн бяслаг. Үүнийг дэлхийд нэг их хийгээд байдаггүй юм. Голландаас энэ ургамлыг авчруулдаг. Мөн едам тослогыг нь багас­гасан бяслаг бий. Өнгөрсөн жилээс рестора­нуу­дад зориулсан соусны бяслаг хийж үзлээ. Тусгай орчинд, удаан хугацаанд хатаадаг нунтаг бяслаг юм. Мөн хиаманд хийдэг бяслаг хийж байгаа.